/2022.12.05/ Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, гаргасан шийдвэрүүдээ танилцууллаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-УИХ-ын 9 гишүүн нүүрсний хулгайтай холбоотойгоор нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байгаа. Сүүлийн үед бүхий л асуудлыг Ардчилсан нам руу чихэж байна. Хөгжлийн банк, нүүрсний хулгай гэх мэт увайгүй үйлдэл гарч байгаа тул манай нам энэ хэрэг дээр манлайлж ажиллана.
Нүүрсний хулгайчид улс орноо зарж байна. Дэлхийн шившиг болгож байна. ОУВС-аас аль есдүгээр сард нүүрсний хулгайн асуудлыг мэдээлж байсан. Тэрнээс биш МАН шударгадаа ил болгосон зүйл байхгүй. Оффтейк гэрээтэй холбоотойгоор Монгол Улсад орж ирэх ёстой мөнгөн дүн бүрэн гүйцэт орж ирээгүй. Тиймээс энэ асуудлыг шалгаж байгаа.
Нүүрсний хулгай бизнес эрхлэгчдийн маш их хохироосон. Тээврийн зардал асар их өсөж, маш олон тээврийн компаниуд дампуурч зөвхөн МАН-ын дээд албан тушаалтнуудтай танил хүмүүс хулгай хийсэн. Бараг мафижсан сүлжээ гэж хэлж болохоор байна.