/2022.11.25/: Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр Нийслэлийн Хангарди ордонд боллоо.
Энэхүү хуралдаанаар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд 15 байгууллагын 66 санал ирснээс Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендай үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн зөвлөмжийг үндэслэл болгон 48 арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашнямд нийслэлийн газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулгад барилга байгууламжийн паспортжуулалтын сүүлийн 4 жилийн мэдээлэл, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулгыг дараагийн хуралдаанд танилцуулах үүрэг чиглэл өглөө.
Гамшгийн эрсдэлийг бууруулахгүйгээр нийслэл хот тогтвортой хөгжих боломж хязгаарлагдмал гэдгийг та бүхэн сайн ойлгож байгаа билээ. Иймээс Нийслэлийн зөвлөлийн гишүүд та бүхэн өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, эрсдэлийг бууруулах чиглэлээр дээрх тулгамдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай тооцоо судалгаа, гарц шийдлийг тодорхойлж өндөр хариуцлагатай ажиллахыг тус тус үүрэг болгож байна.
Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах дүүргийн зөвлөлийн дарга нарт 9-н чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллах зөвлөмжийг хүргүүлэн ажиллалаа.
Эх сурвалж: НОБЕГ