/2022.11.14/: Ойн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Архангай аймгийн Цэнхэр, Ихтамир, Тариат сумдад хуш модны самар түүж бэлтгэх, ашиглалтад тавих хяналтыг эрчимжүүлэх чиглэлээр салбар хоорондын уялдааг хангаж Экологийн цагдаагийн алба, Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ, ШУА-ын Газарзүй геоэкологийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн алба болон Мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт, шалгалтын ажлыг гүйцэтгэж байна.
Тус удирдамжийн хүрээнд БОАЖСайдын 2022 оны “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” А/372 дугаар тушаал болон “Ойн дагалт баялгийн нөөц ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай” 10 дугаар албан даалгаврын хэрэгжилттэй газар дээр нь танилцан ажиллав.
БОАЖСайдын 2022 оны “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” А/372 дугаар тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар Архангай аймгийн Цэнхэр сумын хэмжээнд 196.5 тн, Ихтамир сумын хэмжээнд 239.2 тн, Тариат сумын хэмжээнд 217.4 тн хуш модны самар бэлтгэж ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тус сумдад бэлтгэх нөөцийн дээд хэмжээ хүрсэн байна.
Хяналт шалгалтын ажлын хүрээнд дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн бөгөөд холбогдох газруудад арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн.
Үүнд:
Цэнхэр, Ихтамир, Тариат сумдын удирдлагууд “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ыг зөрчиж хуш модны самрын бэлтгэх дээд хэмжээний зориулалтыг өөрчлөн аж ахуйн нэгж, байгууллагуудтай “Хуш модны самар бэлтгэж ашиглах” гэрээ байгуулсан..
- Зориулалт өөрчлөн Цэнхэр суманд 62.4 тн, Ихтамир суманд 50.5 тн, Тариат суманд 64.7 тн хуш модны самрыг бэлтгэж ашиглуулсан.
- Аж ахуйн нэгж, байгууллагууд хуш модны самрыг өөрсдийн ажилчдаар түүж бэлтгүүлээгүй
- Хуш модны самрыг түүж бэлтгэхдээ байгаль орчинд халгүй арга технологийг ашиглаагүйн улмаас хуш модонд механик гэмтэл учруулсан.
- Байгаль орчныг доройтуулсан /хог хаягдал үлдээх/
- Нөөцийг бэлтгэж ашигласан талбайг актаар хүлээн авч дүгнээгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн.
Үүний дараах арга хэмжээг авч ажилласан байна.
Үүнд:
- Дээрх сумдын хуш модны самрын нөөцийг бэлтгэж ашиглах дээд хэмжээ хүрсэн тул тус өдрөөс хойш ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ойн дагалт баялгийг ашиглах эрхийн бичиг олгохгүй байх,
- Зөрчил гаргасан эрх бүхий этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцох
- Нөөцийг бэлтгэж тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байх,
- Эрхийн бичиг, гарал үүслийн дэлгэрэнгүй тайланг гаргаж ирүүлэх,
- Хуш модны самрыг бэлтгэж ашиглахгүй байх талаар иргэд олон нийтийг мэдээллээр хангаж, сурталчлан таниулах арга хэмжээ авах,
БОАЖСайдын 2022 оны “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” А/372 дугаар тушаал болон “Ойн дагалт баялгийн нөөц ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай” 10 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг гарган ирүүлэхийг холбогдох газруудад үүрэг болголоо.
Эх сурвалж: БОАЖЯ