/2022.11.9/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд #Nodoublestandart, #NoWar, #PoliceReform хөдөлгөөнүүдийг санаачлагчдыг яллагдагчаар татах шүүх хурал үргэлжилж байгаа талаарх мэдээллийг өчигдөр бид хүргэсэн.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан дараах тайлбарыг хийлээ. Тэрбээр:
"Иргэн Э.Одбаяр нь 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар сошиал орчинд мэдээлэл түгээхдээ тус ослыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай хүн үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлаар МАН-ын Хууль эрх зүйн хэлтэс Цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Уг гомдлын талаар өнөөдөр анхан шатны шүүхээс шийдвэр гарчээ. Уг шийдвэр нь гарахдаа анх гаргасан гомдол дээр иргэн Э.Одбаяр нарын холбогдох Хорих 461-р ангид хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийг нэмж, хамтад нь шалгаж шүүхийн шийдвэр гаргасан байна.
Дээрх тусдаа хоёр хэргийг Прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шалгаж, улмаар өнөөдөр шүүхийн шийдвэр гарсан нь бидний гайхлыг төрүүлж байгааг хэлэх нь зүйтэй.
Монгол ардын нам NoWar, NoNaadam хөдөлгөөний эсрэг болон хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жагсах цуглах эрхтэй холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг хүндэтгэх болно. Ардчилсан нийгэмд хүний эрх нь бусдын эрх, нэр хүнд, нийтийн эрх чөлөөгөөр хязгаарлагдах учиртай билээ" гэв.
Гэвч твиттер хуудаст түүний хийсэн мэдэгдэлд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.