/2022.08.29/: Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар эрүүл мэндийн салбарыг ирээдүйд удирдах залуусыг бэлдэх зорилгоор Харвардын Их сургуультай хамтарсан 1 жилийн хөтөлбөрийг 2022 оны дөрөвдүгээр сараас боловсруулж эхэлсэн билээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 35 хүртэлх насны 100 залуусыг Улаанбаатар болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдээс ил тодоор шалгаруулан хамруулах юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн эдийн засаг, эрүүл мэндийн статистик, өвчлөлийн тархвар зүй анхан шат ба ахисан түвшинд, эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, манлайлал, кризис менежмент, эх хүүхдийн эрүүл мэндийн бодлого, нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан зэрэг хичээлүүдийг тэнхим, цахим хэлбэрээр Харвардын баг заах юм.
Энэхүү хөтөлбөрийг ЭМЯ зүгээс донор байгууллага, Харвардын Их Сургуультай хамтран зохион байгуулна. Уг ажлын хүрээнд Харвардын Их Сургуулийн дэд профессор Д.Ганмаа,Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр нар НҮБ Хүүхдийн сангийн сууриан төлөөлөгч Эвариста Комлантай уулзаж санал солилцлоо.
Эх сурвалж: ЭМЯ