/2024.01.17/: Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд, ОБЕГ-ын удирдлагуудын хамт өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж, Архангай аймгийн Булган сумын нутагт оторлож буй малчин өрхүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Тус аймгийн нутгаар ихэвчлэн Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгаас малчид ирж өвөлжихөөс гадна аймаг дотроо ч отор нүүдэл хийх нь элбэгшсэнийг малчид хэлж байв. Аймгийн хэмжээнд одоогоор 10 суманд зудын байдалтай гэж үнэлэгдээд байгаа бөгөөд зуны улиралд ургамлын гарц муудсанаас малын тарга тэвээрэг багасч, өвөлдөө өвс тэжээлийн хангамж хүндрэлтэй байгааг тэд уламжлав.
Гэсэн хэдий ч малчид ган, зуд, байгаль цаг уурын бэрхшээлээс илүү малын гаралтай түүхийн эдийн үнэгүйдэл малчдын аж амьдралд хамгийн том чөдөр тушаа болж байгааг онцолж байлаа. Тэд уламжлалт нүүдлийн мал аж ахуй олон талын өгөөжтэй хэдий ч мал сүргийн гарц, ашиг шимийг нь бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байгаа учраас нэгдмэл зохион байгуулалт, тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй гэдэгт санал нэгдэцгээсэн юм.
Малчин өрхийн эдийн засгийн үндэс болсон мал аж ахуйн үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг сайжруулж, бүтээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн борлуулах зах зээлийн оновчтой тогтолцоог бий болгох, малчдад хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгаа бий болгоход чиглэсэн эрх зүй, эдийн засаг, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд орон нутгийн удирдлагын зүгээс зорилтот арга хэмжээг хэрэгжүүлж ирснийг дурдаж байлаа.
Тухайлбал, Архангай аймгийн Булган суманд 2019 оноос эхлэн малчин өрх, малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөлийг байгуулж, хамтарч эхэлсэн туршлагатай юм. Иймд бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт өв соёлыг алдагдуулахгүйгээр малчин-мал-бэлчээр гурвын харилцан шүтэлцээг хангах замаар малчин өрхүүдийн хөдөлмөрөөрөө хорших, нэгдэн хамтрах үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлж байв.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, малын гаралтай түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоог сайжруулж, дундын зуучлагчид илүү ашиг хүртэх бус үйлдвэрлэгч-малчдын хөдөлмөрийг бодитой үнэлдэг болохын тулд тэдний нийтлэг эрх ашгийг хамгаалдаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг, нэгдсэн холбоог хуульчлахаар ажиллаж буй талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр үргэлжлүүлэн, залуу малчдын залгамж халааг хадгалах, уламжлалт нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, бэлчээрийн менежментийн оновчтой шийдлийг эхлүүлэхийн тулд хүн амын тархалт байршил, нутаг дэвсгэрийн хэмжээ, соёл зан заншил, байгаль-эдийн засгийн нөхцөлд үндэслэсэн суурь судалгааг хийж, “Малчин Өрхийн Нэгдсэн Холбоо”-ны хуулийн төслийг боловсруулсан гэв.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Архангай аймгийн нутгаар отор нүүдэл хийн өвөлжиж буй малчин өрхүүдийг эрүүл мэндийн үзлэг, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдуулахаар нэгдсэн баг ажиллаж буйг дурдаад энэ оноос эхлэн хэрэгжих, малчдын аж амьдралыг дэмжихэд чиглэсэн зарим хууль, тогтоомжуудаас танилцуулсан юм.
Мөн Онцгой Байдлын Ерөнхий Газраас тус нутгийн отрын бүсэд өвөлжиж буй малчин өрхүүдэд эрүүл мэндийн болон хүнсний багц өгснөөс гадна аймгийн хэмжээнд шаардлагатай дизель түлшний хангамж болон 230 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: УИХ