/2024.05.01/: АН-ын дарга асан С.Эрдэнэтэй SpaceTalk ярилцлаа. Ярилцлагыг бүрнээр нь сонсохын тулд ЭНД ДАРНА уу.
СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ОРОСЫН НӨЛӨӨНД БУЦАЖ ОРОХ ГЭСЭН ХАНДЛАГА
МАНАЙ ТӨР ЗАСАГ, УЛС ТӨРЧДИЙН ДУНД ХҮЧТЭЙ ИЛРЭХ БОЛЛОО
-Сүүлийн үеийн судалгаануудаас харахад Монголын залуусын ардчилалд итгэх итгэл буурч байна. Та үүнийг юу гэж бодож байна?
-Ардчиллаа юу гэж ойлгож байна вэ гэдгээс их зүйл шалтгаална. Ардчиллын ололт болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмчтэй байх гэх мэт ололтуудыг тэгвэл буцаагаад авчихаг л дээ. Барьж байгаа гар утас, чи бид хоёрын ярилцаж байгаа энэ онлайн эрх чөлөө гээд энэ бүхнийг буцааж аваад социализм байгуулж, коммунизмд орвол ямар вэ? Хүчтэй төрийг байгуулж, бүх өмчийг төрд өгцгөөе гэвэл үүнийг хүлээн зөвшөөрөх хүн байхгүй л болов уу. Ардчилал хэрэггүй гэж үзвэл энэ бүх ололтой үгүй болно гэдгийг ойлгох хэрэгтэй.
-1992 оноос хойш 8 удаагийн сонгуульд дандаа МАН (МАХН) ялалт байгуулсан. Танай нам ганц хоёр удаа л санал авч, хамтарсан Засгийн газар байгуулж байсан. Ингээд харвал манай улс яг ардчилсан улс мөн үү?
-Ардчилсан улс мөн эсэх, ардчиллын эрэмбээр хэдэд ордог вэ гэдгийг тогтоосон олон улсын үнэлэмжүүд байдаг. Энд дурьдсанаар Төв азид ганцхан Монгол Улс ардчилсан улс гэж байгаа. Ардчилсан үзэл санаа манай улсад их ололт авчирсан. Ардчиллаас ухрахгүй байх маш олон шалтгаан надад бий. 1989, 1990 оныг хүртэл бид үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхдээ, гуравдагч орнуудтай харьцаж худалдаа хийхдээ гэх мэт бүх асуудал дээр Москвагаас зөвшөөрөл авдаг байсан. 1921 оноос өмнөх манай улсын хаадууд энэ бүх асуудлаа Бээжингээр заалгадаг байсан. 1921 оноос хойш хойд хөршөөс хамааралтай байж ирсэн.
Өнөөдөр ч зарим хүмүүсийн “хайртай ах” гээд байдаг Оросуудад бид хамааралтай хэвээрээ. Цахилгаан тасалж, шатахуунаар боомилж, худалдааны хувьд дэлхийд байхгүй тийм дарамт, хязгаарлалтад байна. Гэхдээ яг ийм л үед бид ардчилалдаа илүү их хайртай байж, илүү их хамгаалах ёстой юм.
Ардчиллын буянаар сүүлийн 33 жил Монгол Улс Москва, Бээжингээс хамааралгүйгээр дуртай улс орнуудтайгаа харилцдаг, тэдгээрт зорчдог, үзэл бодлоо айхгүйгээр илэрхийлдэг, НҮБ-ын индрээс үг хэлдэг ийм жинхэнэ тусгаар тогтносон, эрх чөлөөт замналаар замнаж ирлээ. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд Оросын нөлөөнд буцаж орох гэж оролдсон, оросын хамаарлыг нэмэгдүүлэх гэсэн хандлага манай төр засаг, улс төрийн зарим нам, улстөрчдийн дунд хүчтэй илэрч байна. Энэ бүх асуудлыг таслан зогсоохгүй л бол болохгүй. Ардчиллаас ухрахгүй байх нэн түрүүний шалтгаан бол тусгаар тогтнол. Бид дараа нь цусаар уйлаад ч тусгаар тогтнолоо буцаан олж чадахгүй.
-Сүүлийн жилүүдэд Оросын нөлөөлөлд орох гэсэн улс төрийн нам, улс төрчид байна гэж та хэллээ. Энэ танай намаас гараад байна уу гэх хардлага байна?
-Манай нам ч юу байхав дээ, манай намд замын дундаас орж ирсэн этгээдүүд байгаа тэдний оролцоо, мөн одоо эрх барьж байгаа нам хүчний оролцоо гол чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Түүнээс АН өөрийн үзэл баримтлал, үнэт зүйлээсээ ухарсан зүйл бол байхгүй.
-Танай намын НБД Ц.Оюундарьтай ярилцлага хийх үеэр “Манай намын хагарал бутарлын “ард” Орос байгаа” гэж хэлж байсан. Энэ үнэн үү, Та үүнтэй санал нийлэх үү?
-Би 100 хувь байтугай, 200 хувь санал нийлнэ. Яагаад гэхээр, манай хоёр том хөршийн аль аль нь манай ардчилал, шударга ёс, эрх чөлөө, хувийн өмч бүхий нийгмийн тогтолцоонд дургүй. Хойд хөрш бол асуудлыг дандаа хүчээр шийдэх гэж оролддог, урд хөрш бол илүү зальтай, асуудлыг зөөлөн аргаар шийдэх гэж оролддогоороо л ялгаатай. Аль алинд нь монголыг бие даасан байлгах сонирхол байхгүй.
-Тэгвэл энэ бодлого танай намын Х.Баттулгаар дамжиж орж ирсэн нь үнэн үү? Таны олон жил намынхаа тамгыг өгөхгүй байсан шалтгаан нь энэ байж болох уу?
-Ер нь наад Х.Баттулга гэдэг хүн чинь миний мэдэхээр 15, 16 жил Оросын талыг баримтлах төрийн бодлогыг сайд байхдаа ч, Ерөнхийлөгч байхдаа ч байнга хэрэгжүүлж, төлөөний хүн байдлаар ажиллаж ирсэн нь баримт болон түүхэн он цагийн шалгуураар бүгд нотлогдсон. Өнөөдөр нарийн царигаар төмөр зам тавигдсан байсан бол энэ олон мянган жолооч нар Өмнөговийн шороон замд амьдралаа үрж, амь нас нь эндэж, гэр бүл салж, авлига хээл хахууль цэцэглэж, олон хүн гэмт хэрэгтэн болох гэх зэрэг хэдэн мянган шалтгаан үүсэхгүй байсан.
-Хэрэв баримтаар нотлогдсон юм бол яагаад энэ хүнд зохих ялыг нь эдлүүлэхгүй байгаа юм бол? УИХ-ын гишүүн агсан, талийгаач Батчимэгийн туслахыг бол дор нь “Гадагш нь мэдээлэл задруулсан” илрүүлээд л, ял өгч байсан санагдах юм?
-Асуудал шийддэг эрх нь манай намд одоогоор алга. Өнгөрсөн хугацаанд улс орныг хэн удирдсан бэ гэвэл өнөөгийн эрх барьж байгаа нам л удирдсан. Сүүлийн 30 гаруй жил ардчилсан замаар замнасан, энэ хугацаанд АН олонх биш олуулаа болсон. 1996 он болон 2012 онд, тэгээд дандаа бусадтай хамтарч эвслийн засгийн газар байгуулж байсан. Дангаараа төрийн бодлого тодорхойлж байсан түүх байхгүй. Гэхдээ хоёр удаа олуулаа болохдоо хамгийн их бүтээн байгуулалт, өөрчлөлт, зах зээл рүү шилжих шилжилтийг зоригтой хийж чадсан нь Ардчилсан нам. Түүний буянаар өнөөдөр бид “Ардчилсан” гэдэг тодотгол авчихаад явж байгаа юм.
Х.Баттулга гэдэг хүний асуудлыг би ил тод хэлдэг. Энэ хүн оросын нөлөөний, төлөөний хүн мөн. Энэ хүнд хариулага тооцох, хуулийн дагуу арга хэмжээ авах эрх нь нэг л улс төрийн намд байгаа. Хэт олонхийг бүрдүүлсэн нам яагаад өнөөдрийг хүртэл энэ хүнтэй хариуцлага тооцож чадахгүй байгаа юм?
Монгол Улсын иргэн хэн ч байсан шүүх, хуулийн байгууллагын өмнө тэгш эрхтэй, тэгш хариуцлага хүлээнэ. Яагаад чиний яриад байгаа УИХ-ын гишүүн агсан Батчимэгийн туслах нь ямар ч өчиггүй баривчлагдаад явсан бэ, гэтэл ямар нь ингээд зүгээр яваад л байж болдог юм, ямар нь Сүхбаатарын талбайд гарч ирчихээд “Хүн ална” гээд заналхийлж болдог, ямар нь дайн эсэргүүцэж, үгээ хэлснийхээ төлөө гав гинж зүүгээд, шорон гянданд сууж байх ёстой юм бэ. Улс төрийнх нь зорилгод нийцэж байвал хэн ч, ямар ч хэрэг хийсэн гэмгүй яваад байж болдог, улс төрийн зорилгод нь харшлаад байвал шударга зүйл хийсэн ч бариад хорьчихож байна. Хууль тэгш үйлчлэхгүй байна.
УИХ-Д БАЙГАА АН-ЫН 11 ГИШҮҮНД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА ГЭЖ ХЭЛЭХЭД ЗӨӨЛДӨНӨ.
ИЙМ УИХ-ЫН ГИШҮҮН БАЙХ ХЭРЭГ БАЙГАА Ч ЮМ УУ?
-Та намынхаа тамгыг өгөхгүй нэлээд удаж байгаад Л.Гантөмөрт өгсөн. Одоо Ардчилсан намд та хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Нэлээн удсан ч гэж дээ, АН-ыг Оросын нөлөөний этгээдүүдэд алдахгүй байх гэсэн зорилгодоо л хатуу зогссон. Намайг хамгийн муу улстөрч, муу хүн болгож харуулах кампанит ажлыг сүүлийн 5-6 жил хангалттай хийсэн. Би хийх юмгүйдээ, эсвэл албан тушаалд дуртайдаа байгаад байсан юм биш. Ардчилсан намыг алдах юм бол Монгол Улс тусгаар тогтнолоо алдана. Тийм учир том зургаар нь харвал би тусгаар тогтнолынхоо төлөө зогссон юм. Ардчиллыг хамгаалах үүрэг нь надад байсан учир АН-ын тамгыг өгөхгүй гэж зогссон. Надад эрүүгийн гэмт хэрэг үүсгэсэн, хавчлага дарамтанд оруулсан. 2020 оны сонгуулийн жилд хоёр зохиомол хэрэг үүсгэсэн, одоо болтол тэр хэрэг нь дуусаагүй.
2021 оны гуравдугаар сард гэнэтхэн нэг өдөр үүсгэсэн хэргээ хэрэгсэхгүй болгож, Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө над руу “Одоо тамгаа өгчих өө, миний хөгшин сайхан амар” гэж ярьсан. Тэгэхээр нь би “Уучлаарай, Ерөнхийлөгч өө, би ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Би улс төрийн наймаа хийх гэж АН-ыг байгуулах үйл хэрэгт 30 гаруй жил яваагүй. Тийм учир өгөхгүй” гэж хэлсэн. Долоо хоногийн дараа хэрэгсэхгүй болгосон тушаалыг хүчингүй болгоод, дахиад хэрэг нээчихсэн.
Хэрэг үүсгэснээс хойшх өнөөдрийг хүртэлх дөрвөн жилийн хугацаанд би гуравхан удаа л намайг дуудаж, тайлбар өгсөн. Очихоор асуух юм байхгүй, буруутгах үндэслэл байхгүй, хохирол тогтоогдоогүй. Одоо АТГ нэг бол шүүх рүү шилжүүлэх саналтай прокурорт илгээдэг, нөгөөдүүл нь буцаачихдаг. Эсвэл хэрэгсэхгүй болгох санал илгээдэг, дахиад буцаадаг. Хэдий болтол ийм тоглоом үргэлжлэх юм бүү мэд. Миний гэр бүлийн бизнес гээд жаахан юм байсан, бүгдийг нь битүүмжилсэн. Надад УИХ-аас өгөх ёстой байсан картыг маань хүртэл битүүмжилсэн. Ар гэр, ах дүү байгаагүй сэн бол өдийд өлбөрөх байсан биз. Яаж амьдар гэж байгаа юм бүү мэд. Надад бол айж эмээх зүйл байхгүй.
Төрөөс идсэн уусан зүйл надад байхгүй, би ямар ч зээл, сантай холбоотой нэг ч холбогдож яваагүй. Энэ олон хэрэг илрээд, олон улс төрчид холбогдоод яригдаад л байгаа биз дээ? Тэр дотор миний нэр байна уу, байхгүй. Би нүүр бардам хэлнэ.
-Одоо та Л.Гантөмөрийн удирдаж буй АН-д сэтгэл хангалуун байна уу?
-Хангалуун бус. Яагаад гэвэл манай нам өнөөгийн улс төр, нийгмийн шаардлагын түвшинд хүрч ажиллаж чадахгүй байна. Бүр ажиллахгүй байна. УИХ-д байгаа 11 гишүүнд үнэхээр сэтгэл дундуур гэвэл зөөлдөх байх, үнэхээр тэднийг гайхаж байгаа. Ийм УИХ-ын гишүүд байх хэрэг байгаа ч юм уу. АН-ын бүлэг дотроо намынхаа үндсэн дүрмийг нулимаад, зөрчөөд, намыг нь “алж” байсан хүмүүсийг хүртэл оруулчихсан. Намаас урваж, бие дааж гарч ирсэн Н.Алтанхуяг гэдэг нөхөр, нам дамжаад л худлаа яриад явдаг С.Ганбаатар гэх хүмүүсийг хүртэл бүлэгтээ оруулчихсан. Яаж энэ нам үзэл санаандаа үнэнч байж, үнэт зүйлээ өвлөж цааш явах юм. Тийм учир шулуухан хэлэхэд намын нөхцөл байдалд сэтгэл дундуур байна. Гэхдээ энэ намын улс оронд гүйцэтгэх үүрэг нь дуусаагүй, яагаа ч үгүй. Энэ нам улс орны тусгаар тогтнолыг нуруундаа үүрч явах ганц нам.
Өнөөгийн эрх баригчдад хариуцлага тооцох, тэднийг суудлаас нь буулгах ганц нам бол Ардчилсан нам. Түүхэн үүрэг нь энэ юм.
-Сүүлд танай намд хийгдсэн томилгоонуудыг харахад Х.Баттулгын хүмүүс гарч ирлээ гэх яриа гарлаа. Энэ үнэн үү?
-Би 100 хувь үгүйсгэхгүй. АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Л.Гантөмөрийн орон тооны бус зөвлөх хийгээд явж байгаа хүний хувьд намаас гарч буй бодлого шийдвэр алдаатай байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ, санаатай алдаад байна уу, санаагүй алдаад байна уу гэдэг асуудал. Тийм учир манай намын удирдлагад байгаа хүмүүс тархи толгойтой юм бол дүгнэлт хийх цаг болсон, оройтлоо. Энэ улс орны нөхцөл байдалд ямар бодит аюул занал учирч байна вэ гэдэгт бодит дүгнэлт хийх ёстой. Хувийн эрх ашгаа хойш тавьж, улс орныхоо, намынхаа эрх ашгийг урдаа тавиад явах цаг болсон.
Залуус бид л энэ улс орныг удирдана, авч явна гээд байгаа залуус үнэхээр мундаг юм бол үгээ хэлж, үйл ажиллагаагаараа бодит зүйл хийх цаг болсон. Залуус хөдлөхгүй, юм ярихгүй, уураг тархи нь ажиллахгүй байна. Яаж улс орноо өөрчилж, намаа өөд татах гээд байгаа юм.
Надад дургүй, намайг үг хэлэхээр дургүйцдэг хүмүүс бий. Гэхдээ би хэзээ ч худлаа ярьдаггүй. ҮАБЗ-ийн гурван нөхөрт монголын парламентын хэнтэй ч үл хуваалцах эрхийг шилжүүлэх үед “Та нар энэ тогтооылг баталснаар монголын төр аймшигтай байдалд орно шүү, та нар бүгдээрээ “гөлөг” болно” гэж чуулганд хэлж байсан. Тэглээ гээд над руу яаж дайрч довтолсон билээ. Гэтэл одоо үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа нь хэн байна? Бүгдээрээ айдастай болсон. Яагаад гэвэл бүгдээрээ хулгайч, ямар нэгэн хэрэгт холбогдсон. Өөрсдийнхөө эрх чөлөөг өөрсдөө л хаасан.
ХАЙРТАЙ, САЙН АХ НЬ "БАРУУНЫ НАМ БОЛ" ГЭНГҮҮТ ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА
ӨӨРЧИЛЧИХДӨГ БҮЛЭГЛЭЛИЙГ НАМ ГЭДЭГГҮЙ ЮМ
-КАС болон МУИС-ийн Улс төр судлалын тэнхим хамтран байгуулсан "Төрийн байгуулалтын экспертийн зөвлөл"-аас хийсэн эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулсан судалгаанд “Монгол Улсад төлөөллийн ардчилал суларч байна” гэдэг дүгнэлт гарсан. Төлөөлөх зарчим бол ардчиллын гол тулгуур. Гэтэл төлөөлөх чадвар алдагдаж байна гэдэгтэй Та санал нийлэх үү?
-Нийлнэ. Үгээ хэлэхээс айдаг болсон, эрх мэдэлтэн албан тушаалтантай маргахаасаа ч айдаг болсон хүмүүс яаж төлөөллийн эрхээ эдэлж, ард түмнийг төлөөлөх юм бэ. Ард түмний хүслийг хангаж ажиллаж чадахгүй байна. Цөөн хэдэн хүний эрх мэдэл дор нуугдчихсан.
-Парламентад суудалтай байгаа ХҮН намын хандлагыг анзаарч байхад бид АН-аас илүү сөрөг хүчнийг хийж байна гэдэг. Энэ нам үнэхээр хүчтэй гарч ирж байна шүү, та юу гэж бодож байна?
-Чи ХҮН намыг юу гэж боддог вэ? Улс төрийн нам мөн үү, энэ? Улс төрийн намын тодорхойлолт нь “Үзэл санаа, үнэт зүйл дээрээ нэгдсэн хүмүүсийн нэгдлийг нам гэнэ” гэж байдаг юм. Түүнээс эрх ашгийн төлөө нэгдсэн хүмүүсийн бүлэглэлийг нам гэдэггүй мафи, бүлэглэл гэдэг. Үзэл санаа, үнэт зүйл дээрээ нэгдээгүй хүмүүсийн нэгдлийг улс төрийн нам гэж тодорхойлох боломж алга. Зүүний үзэл баримтлал, чиг баримжаатай байсан намд хайртай, сайн ах нь “Чи барууны нам бол” гээд хэлэнгүүт гэнэт нэг өглөө босож ирснээ, “Манайх баруун төвийн, либерал ардчилсан нам” гэж зарлаж байгаа нь, энэ өөрөө нам мөн үү? Үзэл санаагаа нэг шөнийн дотор өөрчилдөг нам гэж байдаг уу? Үзэл санаа гэдэг чинь намын оршин тогтнох гол зүйл шүү дээ.
ХҮН нам тийм материаллаг бааз суурь, олныг хамарсан суурь байгаа юу? Улс төрийн жин дарж байгаа хоёр л улс төрийн хүчин байгаа. Яаж ч доош нь хийлээ гээд, могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэг шиг энэ улс төрийн хүчнийг үгүйсгэж чадахгүй л дээ.
-Танай нам сонгуулийн өмнөх олон нийтийг хамарсан судалгааг хийж чадсан уу? 2024 оны УИХ-ын сонгуульд танай нам хэр олон суудал авч чадах бол?
-Аливаа судалгаа голдуу л худлаа байдаг даа. Зарим нь судалгаанд дэмждэг намаа доош нь дарна, эсрэг намдаа санал өгнө гэх мэт. Сүүлийн үед сонгогчдын боловсрол их айхтар болсон шүү дээ, үнэн санаагаа нууж дардаг болсон. Тийм учир би судалгаанд итгэдэггүй. Манай судалгаа авч байгаа аргачлал, судалгаа авч байгаа хүмүүсийн харилцаа гэх мэтээс шалтгаалаад би судалгаанд итгэдэггүй. 2020 онд жишээ нь, МАН-ын рейтинг навсайтлаа уначихсан л байсан шүү дээ. Нийгмээрээ гайхаад л, хамаг буруугаа хар машин руу чихээд л өнгөрсөн. Одоо ямар ч болж өнгөрөх юм билээ, урьдчилж хэлэхэд хэцүү.
-Танай нам тэр хүртэл хэр хүчирхэгжиж чадах болов уу?
-Угаасаа манай нам хүчтэйшд. Яагаад манай намыг хүчгүй гэж бодоод байна вэ. Яаж ч доош нь хийгээд Ардчилсан нам бол үндэсний хэмжээний том нам. Харамсалтай нь нэг ч удаа дангаараа засаглаж, олонх болж үзээгүй. Тийм байтал л яагаад АН-ыг муулаад байдаг юм бэ?
-Та 2024 онд нэр дэвших үү?
-Яг одоогоор шийдээгүй л байна.
-2024 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар яригдаж байна. Таны бодол?
-Эрх баригч намынхны хүрээнд улсыг 12 тойрогт хуваагаад, бүсчилсэн байдлаар тойргийг томсгож, мандатын тоог нь олон болгож сонгууль явуулъя гэж яригдаж байна. Нарийн мэдээлэл алга. Нийт 2,2 сая орчим сонгогч байдаг, эдгээрийн сая гаруй нь хотод байгаа. Бүсчилсэн, том тойрог болно гэдгийг эергээр харвал улс орны ирээдүй, төрийн тогтолцоонд нааштай хандлага авч ирэх боломж бий. Жалга довны үзлээс сална, төсвийн хуваарилалт арай эрүүл болно, бүсчилсэн хөгжлийн суурь тавигдана гэх мэт.
Сөргөөр ярьвал, сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед гэнэт тойргийг бүсчилсэн хэлбэрээр томсгож байгаа нь жижиг намууд, шинэ залуу нэр дэвшигчдэд халгаатай байх болов уу гэж бодож байна.
-Ардчилсан намын залуус маш сул болжээ, өндийгөөд гараад ирвэл нь шоронд хийчихээд байдаг. МАН-ын залуусын дэргэд тааруу байна, АН-ын ирээдүй бүрхэг харагдаад байна. АН-ын алтан хараацайнууд нь залуусаа бойжуулж гаргаж ирж чадсангүй юу даа гэж харагдаад байна?
-МАН-ын залуус бол маш их мөнгөн дээр тарвалзсан, хунтайж нар. Маш өндөр өртгөөр гадаадын сургуулиудад сурч байна, нам нь их хэмжээний мөнгө зарцуулж байна. Гэхдээ үр дүнг нь харвал МАН-ын залуус нийгмээ хөгжүүлчихгүй яасан юм бол? Тийм мундаг юм бол яагаад намаа цэвэрлэхгүй, нам нь улам бүр унаад байгаа юм бэ. Өнөөдөр улс төрд хийгдэж байгаа бүх хулгай, хэргүүдийг эрх баригчид хийж байнашд. АН-д асуудал бий, хулгайч нар ч энэ намд бий. Гэхдээ хувиар нь аваад үзвэл 70-80 хувь нь өнөөгийн эрх баригчид дунд байгаа.
Тийм мундаг залуус МАН-д байдаг юм бол яагаад улс орноо өөд нь татахгүй байгаа юм бэ. Энэ гадуур амьдрал үнэхээр сүйрлээшд. Тийм мундаг залуустай нам юм бол яагаад ах нартайгаа нийлж дээрэм, хулгай хийгээд байгаа юм бол. Жирийн нэг залуугийнх нь сейфнээс 8 тэрбум төгрөг, өөр нэг залуугийн оймсноос өчнөөн мянган доллар гарч байна.
Энэ шударга уу, энэ сайхан гоё уу гэвэл үгүй л дээ. Ардчилсан намын залуус царай муутай харагдаж байж магад, аргагүйшд ажилгүй, төрийн дарамтан дунд, үг хэлэхээр нь бариад хорьчихдог нийгэмд амьдарч байгаа юм чинь. Харин энэ дунд өнөөдрийг хүртэл үзэл санаагаа тээгээд, тэсээд явж байгаа залуусаараа бахархдаг. Харин МАН-ын залуус эрх мэдэл, албан тушаалаасаа салах юм бол шууд гудамжинд гарна, хэн ч биш болно. Тэдэнд үнэт зүйл, үзэл санаа гэж байхгүй учир, хайрлах зүйл байхгүй, бүх зүйлээ алдах учир хэн ч биш болдог.
-Орон нутагт АН бас сул байна уу?
-Орон нутагт үзэл санаа, үнэт зүйл бий. Гэхдээ орон нутгийг эрх баригчид маш их анхаардаг. Жишээ нь, малчдын нийгмийн даатгалын татварын 50 хувийг төр хариуцна гэчихлээ. Таны төлж байгаа татварын мөнгөөр тэнд мал маллаж байгаа нөхдийн татварыг төлчихөж байна. Нэг үгээр хэлбэл, малчдыг өөрсдөдөө татах гэсэн улс төрийн авлигал ийм хүчтэй байгаа үед орон нутгийг шийдэхэд маш хүнд. Төсвийн мөнгөөр сонгогчдыг авлигадах нь хэвийн үзэгдэл боллоо. Төрөөс үзүүлж байгаа буцалтгүй тусламж, хөнгөлөлт, халамжууд бүгд төсвөөс л гарч байгаа.
Сүүлийн үед яагаад ААН-үүд ажиллах хүнгүй болоод дампуурч байна вэ гэвэл шалтгаан нь ерөөсөө л халамж. Хэт хавтгайрсан, улс төрийн зорилготой халамж улс орны эдийн засаг, үндэсний ажиллах хүчин, материаллаг баазад маш том хохирол учруулдаг. Энийгээ огт ойлгодоггүй.
Зүүний хүчний бодлого буюу, өндөр татвар, хавтгайрсан халамж нь эргээд улс орны эдийн засгийг ингэж нурааж, хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийг хүртэл мохоодог. Ажил хийх сонирхолтой хүн байхгүй болно гэдэг улс орны хөгжлийн хамгийн том асуудал шүү дээ. Зүүний бодлого улс орны хөгжилд явахгүй юм байна гэдэг нь байнга батлагдаж байна. Гэхдээ өнгөрөгч сонгуульд 8 аймагт АН ялсан, маш олон аймагт багахан саналаар ялагдсан. Тэгэхээр орон нутагт ардчиллын бааз суурь, залгамж байна гэсэн үг, үнэмлэхүй ялагддаг гэж ойлгож болохгүй.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.