/2023.12.19/: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагуудад нийтэд тустай ажил хийж байгаа иргэдийн ял эдлэлтийн байдлыг шалгажээ.
Шалгалтаар ажил олгогч байгууллагын зүгээс гадаа ажиллаж байгаа хүмүүсийг ажлын дулаан хувцас, өдрийн халуун хоол цайгаар хангаагүй, ялтны ажиллах нөхцөлийг бүрдүүлээгүй зөрчил илэрсэн байна.
Мөн зарим байгууллагаас бусдад сайн туршлага болохуйц ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тохиолдол гарсан байна.
Тухайлбал, нийтэд тустай ажил хийж байгаа иргэдийг ажлын байрандаа сургаж дадлагажуулах, хамт олны дунд дасан зохицоход нь туслах зэргээр дэмжлэг үзүүлж, улмаар хоёр хүнийг ял эдэлж дууссаных нь дараа үндсэн ажилтнаараа авч, ажлын байраар хангасан байжээ.
Дүүргийн прокурорын газраас шалгалтын дүнг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд танилцуулж, зөрчлийг арилгах талаар албан бичиг хүргүүлсэн байна. Мөн “Нийтэд тустай ажил хийлгэж буй ажил олгогч байгууллагын анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл өгч, сайн туршлагыг нэвтрүүлэхийг бусад газруудад уриалсан байна.
Эх сурвалж: УЕПГ