/2023.10.13/: Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ы дарга Б. Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О. Баттулга тэргүүтэй салбарын удирдлагууд БНХАУ-д болсон “Ханжоу-2022” Азийн XIX наадамд медаль хүртсэн Монгол Улсын шигшээ баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр салбарын сайд уулзалтыг нээж “Азийн зуны XIX наадамд Монгол Улсаас 34 спортын 37 төрлөөр эх орноо төлөөлөн 364 тамирчин, дасгалжуулагч, албаны хүн 147, нийт 511 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон нь наадмын түүхэн дэх хамгийн олон бүрэлдэхүүн боллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан “Олон улсын олимпын хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-аар олгогдох мөнгөн шагналд 38 тамирчин, дасгалжуулагчид нарт 500 гаруй сая төгрөгийн мөнгөн шагнал олгох бөгөөд ойрын хугацаанд шийдвэрлэхээр болжээ.
Монгол Улсын шигшээ баг тамирчид Ханжоу-2022 Азийн XIX наадамд жүдо, буудлага, чөлөөт бөх, бокс, жюү жицү, 3х3 сагсан бөмбөг, кураш, дугуй, испортын дота2 нийт 9 спортын төрлөөс 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэнээр медалийн чанараар 22 дугаар байрт, медалийн тоогоор 15 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн.
Ийнхүү Монголын баг тамирчид "Тегеран - 1974" Азийн наадмаас эхлэн нийт 12 удаагийн наадамд оролцсон нийлбэр амжилтаар 16 спортын төрлөөр 27 алт, 51 мөнгө, 104 хүрэл нийт 182 медальтай болсон юм.
Эх сурвалж: БТСУХ