/2023.10.03/: Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо” ТББ-ын дэргэдэх “Тайгын бэрүүд” бүлгийн гишүүдтэй уулзлаа.
Хөвсгөл аймгийн Улаан уул, Ренчинлхүмбэ сумаас ирсэн малчин эмэгтэйчүүд орон нутагтаа тулгамдаж буй асуудлаа танилцуулан, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Хөвсгөл аймгийн өвөрмөц тогтоц, унаган байгалийг хайрлан хамгаалахад нутгийн иргэдийн оролцоо чухал. Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх хүрээнд тухайлсан хэдэн газрыг сонгох, бусад газар нутгаа онгон дагшин хэвээр нь хамгаалах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх бодлого чиглэлийг барьж буйгаа БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ онцлов.
Уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж, байгаль орчны доройтол ихсэж байгаа тул хүнээс хамаарах шалтгаануудыг бууруулахад ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Малчин иргэдийн хувьд бэлчээрийн хомсдол нэн тулгамдсан асуудал болоод байгаа. Иймээс малчид өөрсдөө малын тоо толгойг бууруулах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, тоог бус ашиг шимийг чухалчлан өсгөх нь байгаль орчноо хамгаалахад оруулж буй хувь нэмэр юм гэдэгт санал нэгдлээ.
Цаатан, Дархад зэрэг үндэстэн ястны онцлог, өв соёлоо сурталчлан, Сарлаг, Цаа буга гэхчлэн нутгийн онцлогоороо аялал жуулчлалын нэрийн бүтээгдэхүүн бий болгож, мал аж ахуйгаас хамааралгүй ахуй амьдралаа дэмжих боломж буйг хэлэлцлээ.
Цаашид малчин эмэгтэйчүүд түүчээлэн байгаль орчноо хамгаалах, малчдад зөв мэдээлэл өгөхөд дуу хоолойгоо нэгтгэн хамтран ажиллахаар болов.
Эх сурвалж: БОАЖЯ