Аймгуудын 100 жил ба улстөрчдийн аяг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аймгуудын 100 жил ба улстөрчдийн аяг

Архангай, Хэнтий, Говь-Алтай, Завхан аймгууд түүхт 100 жилийн ойгоо энэ жил тэмдэглэлээ. 1921 оны Ардын хувьсгалаар баримжаалан нэгэн зууны ойгоо тэмдэглэсэн аймгуудыг Говь -Алтай аймаг отголов. Үнэндээ зуун жил болсон гэхэд аймгийн төвүүд маань хэрхэн хотжиж ямархуу хөгжилд хүрснээ эргэн харах боломж байсан боловч ингэсэнгүй. “Аль аймгийн наадам, наадмын нээлт сайхан болов” гэдгээ сонжилцсоноор баярууд өндөрлөлөө. Орон нутгийнхан хөөрцөглөн цугласан дээр нь харин хэдэн улс төрчид өөрсдийгөө танилцуулж эхний “ХАХУУЛИА” өглөө.

Нэг. АРХАНГАЙ


Архангай аймгийн 100 жилийн ойг шинээр баригдсан АРА цогцолбор “авч гарав”. Аймагт шинээр ажлын байр бий болоогүй ч, амарч зугаалахад харин таатай болжээ. Жуулчдаа татах урсгалд нэмэр болох шинжтэй. Чингис бондын мөнгөөр барьсан замаа энэ жил зассан нь “өнгө нэмсэн” ажил байв. Аялал жуулчлал 100 жилийн нөлөөллөөр худалдаачдын ашиг орлого эрс нэмэгдэж ойн наадмын дараа аймгийн дэлгүүрүүд хоосорч ойр зуурын хэрэглээний бараа тасарсан байна.

Архангай аймгаас сонгогдсон гишүүд энэ жил барцадтай байсан. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг эс тооцвол тэд нүүр бардам баярлаагүй гэхэд болно. Харин энэ завшаанаар дараагийн ээлжийнхэн “хөөрхий хөдөөнийхний” толгойг эргүүлэхээр тайз дэлгэц эзэгнэв. Тус аймагт Батлан хамгаалахын сайд Б.Сайханбаяр сум бүрт очин ШАГНАЛ гардуулж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатартай хөтлөлцөн яваа харагдсан. Ямартай ч Архангайнхан сайдын овог нэрийг нь бүтэн мэдээд аравдугаар сард намын сунгааны эхний судалгаанд нэр нь орох нь тодорхой болов бололтой.

Хоёр. ХЭНТИЙ


Тэгш ойгоо тэмдэглэсэн дараагийн аймаг Хэнтий. Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар эндээс сонгогдсон учир аархаж тэмдэглэв.

Энэ аймаг СПОРТЫН ТОМ ТАЛБАЙ-тай болжээ. Орон нутгийнхан энэ “данхайсан” том талбайг цаашид авч явах үүрэгтэй үлдлээ. Зуун жилээрээ ганц удаа наадам хийгээд орхино гэвэл дэндүү харамсалтай. Жилийн турш спортын тэмцээн авбал бас ч дажгүй бүтээн байгуулалт болсон гэхэд болжээ.

Гэвч ашиглалт маруухантай энэ талбай улсын төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулагдсан нь жаахан харамсалтай. Энэ том байгууламжийн дэд бүтцийн зардлаас эхлээд урсгал зардал улсын нуруун дээр унана. Хэнтийд энэ удаад “хоёр даргын хүмүүс” хэт их өрсөлдөөнтэй нь харагдав. Нэр нь үл мэдэгдэх нөхөд бай шагналаар хур буулгажээ.

ГУРАВ. ГОВЬ-АЛТАЙ


Говь-Алтай аймаг энэ удаад арай шинэлэг байсан нь бүх сумдаа СТАРЛИНК-тай болгов.

Өрсөлдөх чадвараараа тогтвортой адагт бичигдэж ирсэн тус аймаг энэ удаад улсаа хаяж дэлхийтэй хөл нийлүүлсэн нь энэ.

Улсын баяр наадмын өмнөхөн зөвшөөрлөө авсан Старлинк алс хол Говь – Алтайд гэхээр энэ аймаг гэрлийн хурдаар хөгжих гээд ч байх шиг. Нутгийн хүү ЗГХЭГ-ын дарга болсон болохоор нэг л өөр болчихоод ч байх шиг. Угаас улс төрчөө дагаж хөрөнгө оруулалт төсөв нэмэгддэг жишиг эвдэгдээгүй.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нутгийн ойдоо ихээхэн ач холбогдол өгчээ. Нээлтийн тайзан дээр гэнэтийн зочин гарч ирсэн нь Говь – Алтай аймгийн угшлаа гэнэт санасан Ч.Номин байлаа.

Төсөв хүрэхгүй хөрөнгө мөнгөгүй байх нь улс төрчдийн хувьд хэзээд сайхан завшаан болдог. Соёлын сайд Ч.Номин сайд бүх сумдад Старлинкийн төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр тарааж, гол дүрд тоглосноор өөрийгөө тунхаглалаа. Говь-Алтай аймгаас энэ удаад биш юмаа гэхэд ирэх жилүүдэд УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл Старлинкийн төхөөрөмж утга учраа гаргажээ гэж ойлгоорой.

Бас нэг зүйл, тус аймгийн нутгийн зөвлөлийн даргаар “Максын” гэх Ганбаатар байдаг ч наадмын үйл ажиллагааг Номин сайдын аав Чинбат удирдан явуулсан гэдэг.

ДӨРӨВ. ЗАВХАН

Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 21 аймгаас 20- т жагсдаг Завхан аймаг энэ жил автозамаар нийслэлтэй бүрэн холбогдсон.

Зуун жилийн ойн хамгийн том ажил нь энэ байсан байх. Завхан аймаг 100 жилээ зургаан боть номтой угтсан. Их ойн өмнө залуухан улс төрчөөр засаг даргаа сольсон.

Ардын намын түүхэнд хамгийн олон сайдын нүүр үзсэн Хүн ам нийгмийн хамгаалал хөдөлмөрийн төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр аймгийн засаг даргын ажлаа аваад хэдхэн сарын дараа их ойгоо тэмдэглэв. Хутагтын өлгий нутгаараа гайхуулсаар наадам өндөрлөлөө.

Үерийг гэр бүлүүд хохирол багатай даван туулах 4 БАГЦ ЗӨВЛӨМЖ
Үерийг гэр бүлүүд хохирол багатай даван туулах 4 БАГЦ ЗӨВЛӨМЖ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.