/2023.07.20/: Өнөөдөр олон нийтийн цахим сүлжээгээр "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх караокед нэр бүхий дууг дуулахыг хасах, хориглох тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна" гэсэн утга бүхий илт худал мэдээлэл цацагдаад байна.
Харин Монгол Улсын Соёлын яамнаас "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай" хуулийн төслийг боловсруулж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр дэмжигдсэн.
Энэхүү хуулийн төсөлд хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан уран бүтээлчид орлого олох боломжийг бүрдүүлэхээр тусгасан юм.
"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай" хуулийн төслийн 12.3-т "Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах систем, дэд бүтэцтэй байна. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас соёлын бүтээгдэхүүний төрөл, уялдааг харгалзан дэд бүтэц, системийг нэвтрүүлнэ" гэж заасан бөгөөд энэхүү хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр тухайн дуучны дууг караокед дуулах, олон нийтийн газарт тоглуулах зэргээс хамаарч тухайн соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашигласан тохиолдол бүрээс уран бүтээлч, дуучин тодорхой хувь авч орлогожих боломжийг бий болгоно.
Эх сурвалж: Соёлын яам