/2023.07.10/ Монгол Улс 2009 оноос хойш жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн парад жагсдаг уламжлалтай болсон.
Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн Монгол наадмаа ёслол хүндэтгэл дүүрэн эхлүүлдэг өдөр. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын санаачилгаар 2008 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд жил бүрийн долоодугаар сарын 10-ныг Монгол Улсын төрийн далбааны өдөр байхаар заасныг УИХ-аас дэмжин баталсан юм. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд, Улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм.
Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” гэж заажээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 онд Монгол Улсын Төрийн далбааг дээдлэн хүндэтгэх санаачлагыг түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан байдаг. Харин 2012 оноос эхлэн Төрийн далбаанд стандарт нэвтрүүлж эхэлсэн байна.
Монгол төрийн далбаагаа залсанаар дэлхийд ганц Монгол наадам эхэлж байна.