/2023.07.06/ УИХ-ын чуулган өнөөдөр завсарлана. Нийгэмд нилээдгүй хэлэлцүүлэг өрнүүлсэн Боловсролын тухай хуулийг өнөөдөр эцэслэн батална.
Энэ хуулийн гол заалт болоод байгаа Англи хэлийг хуульчлах асуудлыг манлайлж байгаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням асуудлыг шийдэж зөвшилцөлд хүрсэн гэж мэдэгдэж байгаа юм.
Харин дараагийн маргааны бай Малчны нийгмийн даатгалыг иргэд төлөх агуулгаар яригдаж буй Нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлт юм. Энэ асуудлыг хөдөөгийн голдуу гишүүд санаачлан хүч түрсээр байгаа бөгөөд яг одоо хэлэлцүүлэг өрнөж байна.
Хөдөөнөөс сонгогдсон гишүүдийн тооны илт давуу байдлаас энэ асуудал хуульчлагдаж магадгүй тул УИХ-ын зарим гишүүн тухайлбал УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ илэрхийлжээ.
Долоо хоногийн эхэнд мөн л УИХ-ын гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын оруулж ирсэн Гадаад хөрөнгө оруулалтын тухай хуулийн газар эзэмшүүлэхтэй холбоотой заалт маргаан дагуулж түүнийг хуулийн хулгай хийх гэж байна хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэрлэж улмаар хуулийг хэлэлцэхгүй хойшлуулж байгаагаа Улсын Их хурлын дарга Г.Занданшатар мэдэгдэж байдал намжсан юм.
Ийнхүү оройтож ухаан орсон гишүүд бие биенийхээ хуулийг эсэргүүцэж хуулийн хулгайч, эх орноосоо урвагч хэмээн нэгнийгээ цоллосоор хаврын чуулганаа өндөрлүүлж байна.
Баяр наадмын үеэр бас ажил дуусахын алдад маш чухал асуудлуудыг бөөндөн хэлэлцдэг жишиг давтагдаж байна.