/2023.06.20/ Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ /RFID/ нэвтрүүлэх ажлын гүйцэтгэлийн явц байдалтай танилцаж, ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ. Мөн Нийслэл УБ хотын авто замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зохион байгуулалт, менежментийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй ажлуудтай танилцаж есдүгээр сарын хэт их ачааллаас урьтаж яаралтай зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ авч ажиллахыг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга даалгасан байна.
Нийслэлд баригдаж байгаа холбоос зам, замын байгууламжууд, гүүрэн гарц нэмэгдүүлэх, өргөтгөх, шинэчлэх ажлуудыг эрчимжүүлэх, нийтийн тээвэрт чөлөөлөх 1-р эгнээг Улаанбаатар хотын бусад гол замууд дээр нэмэгдүүлэх шаардлагатай арга хэмжээний саналыг сонсож, цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад нь даалгажээ. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд баригдах авто машины зогсоолын бодлого, менежментийн тухай, нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл болон нийтийн тээврийн авто паркийн ажлын гүйцэтгэл, явц байдалтай танилцаж эрчимжүүлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад нь өглөө.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын ажлаа аваад нэн тэргүүнд Нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгой анхаарсан гэдгээ Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар онцоллоо. Үр дүнд нь 2023 онд багтаан Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг 90 хүртэлх хувьд хийхээр ажиллаж байна.
Эхний ээлжийн 20 цахилгаан автобус орж ирсэн. Солонгос улсад үйлдвэрлэсэн дараагийн 20 автобус үйлдвэрээс Улаанбаатар хот руу ачигдсан. Ирэх долоодугаар сарын эхний 5 хоногт багтаан оруулж ирэхээр төлөвлөж байна.
11 дүгээр сарын 1 гэхэд Солонгос улсад үйлдвэрлэсэн Евро 5 стандартын 600, бага оврын 50, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан 160 автобус нийтдээ 810 автобус нийслэлчүүдэд үйлчилнэ. “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах хууль”-ийн төслийн танилцуулгыг сонслоо.
Уг хуулийн төсөлд бусад улс орнуудын авто замын түгжрэл бууруулах хүрээнд эрх зүйн зохицуулалт хийгдсэн сайн туршлагуудыг судалж Улаанбаатар хотын онцлог, иргэдийн соёл, хандлагын ялгаатай байдлыг харгалзан тусгасан гэдгээ онцоллоо.