/2023.06.20/: МҮОХ-ны Тамирчдын комиссоос Тамирчдын анхдугаар үндэсний форумыг өнөөдөр HUB инновацын төвд зохион байгууллаа.
Олимпын өдрийг угтсан цуврал арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан тус форумд гавьяат тамирчин П.Сэрдамба, Д.Отгондалай, олимп, дэлхийн медальт бөх Б.Болортуяа, ДАШТ-ий медальт Т.Тулга, дэлхийн медальт боксчин М.Энхжаргал, залуучуудын олимпын аварга Б.Батцэцэг тэргүүтэй 60 гаруй тамирчин хамрагдав.
Форумын нээлтэд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож, форумын ач холбогдлыг өндөөр үнэлж, нийт оролцогчдод амжилт хүслээ.
Форумын үеэр Тамирчдын комиссын үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөг хэлэлцсэн бол Спорт дахь аюулгүй байдал сэдвээр МҮОХ-ны мэргэжилтэн З.Галхүү илтгэл тавив.
Мөн МҮОХ-ны цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах санал хүсэлт, тамирчдад тулгамдаж буй асуудлууд, Тамирчдын комиссын үйл ажиллагааны талаар нээлттэй ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Түүнчлэн Тамирчдын карьер сэдвээр МҮОХ-ны мэргэжилтэн У.Дөлгөөнбаяр, Дасгалжуулагчийн эрчимжүүлсэн хөтөлбөрийн төгсөгч Г.Халиунаа нар, ОУОХ-ны 2020+5 хөтөлбөр болон Athlete 365 хөтөлбөрийн талаар МҮОХ-ны мэргэжилтэн Б.Өсөхбаяр тус тус илтгэл тавилаа.
Энэ үеэр тамирчид мэдлэг чадвараа хөгжүүлэх сургалт, хөтөлбөрт хамрагдах боломж, элит спортоос бусад төрлүүдэд чиглэсэн үйл ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх, холбоодын үйл ажиллагааг сайжруулах бодлого, спорт дахь хүчирхийлэл, аюулгүй байдлын талаар сургалт авах зэрэг санал хүсэлтүүд хэлж, мэдээлэл авлаа.
Эх сурвалж: МҮОХ