Денвер хотын багш, сурагчид нийслэлийн удирдлагатай уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Денвер хотын багш, сурагчид нийслэлийн удирдлагатай уулзлаа

/2023.06.20/: Зориг сан Улаанбаатар-Денвер ах дүү хотын зөвлөлтэй хамтран “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг.

Өдгөө 18 дахь жилдээ хэрэгжиж буй уг хөтөлбөрийн хүрээнд Денвер хотоос таван сурагч, нэг багш Монгол Улсад зочлон ирээд буй.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө багш, сурагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Америк дахь Зориг сангийн ерөнхийлөгч Уолтер Женкинс, Зориг сангийн Төслийн зохицуулагч Б.Гэрэлмаа, тус сангийн Сурагч солилцооны хөтөлбөрийн зохицуулагч М.Төгсбуян болон хөтөлбөрт хамрагдсан сурагчид оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө:

-Улаанбаатар нь Денвер хоттой 2001 онд ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш албан айлчлал, соёл урлаг, бизнес, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлсээр байна. “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаад та бүхэнд гүн талархал илэрхийлье. Уг хөтөлбөр нь хотуудын хамтын ажиллагаа төдийгүй хоёр улсын иргэдийн нөхөрлөлийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй. Хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчид сурлага, хөдөлмөр, авьяас, чадвараараа манлайлж, эерэг өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэлтэй байна. Цаашид ч бид хотуудын хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, соёлын хөтөлбөрүүдийг дэмжсээр байх болно гэлээ.

“Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-ийн оролцогчид нийслэлийн удирдлагаас асуулт асууж, сэтгэгдлээ хуваалцлаа. Тухайлбал, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн “New Street” төслийн баг цаашид гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар төлөвлөж буй талаараа онцолсон юм. Хүүхэд, залуусын санаачилга, эерэг нөлөөлөл, нийгмийн оролцоог дэмжиж тэдний хэрэгжүүлэх төсөлд нийслэлийн зүгээс хамтран оролцохоо Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө энэ үеэр илэрхийллээ.

Ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг эзэмшүүлэн хариуцлагатай, чадварлаг иргэн болон төлөвшихөд нь туслах энэхүү хөтөлбөрийн хүрээнд ахлах ангийн сурагчид бичил төсөл хэрэгжүүлж, сургалтад хамрагддаг. Тэднээс шилдэг тавыг нь шалгаруулан АНУ-ын Денвер хотод соёл, боловсролын солилцооны хөтөлбөрт оролцуулдаг билээ.

Эх сурвалж: НЗДТГ

Австралид суугаа Монголчуудын дунд тийз хямд олж өгнө гэх худал мэдээлэл тарах болжээ
Австралид суугаа Монголчуудын дунд тийз хямд олж өгнө гэх худал мэдээлэл тарах болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.