/2023.06.13/ Тогтвортой хөгжлийн асуудал бол дэлхий дахины тулгамдсан асуудал болсон гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Түүний хэрэгжилт нь КОВИД-19 цар тахал, ОХУ Украйны дайн, олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж удааширч байна. Тиймээс Тогтвортой хөгжлийн 17 дахь зорилтын хэрэгжилтийг нь хангахад онцгой ач холбогдол өгөх нь дэлхийн дахин болон НҮБ-ын чухал зорилт болжээ. Тийм учраас Төв Азийн зүрхэнд оршдог Алтай дамнасан улс орнууд хэл соёл, язгуур нэгтэй гэж үздэг олон талаараа ижилсэл, ондоошил нэгтэй эдгээр улсын хүрээнд энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь өөр онцлог нь юм.
АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төвийн захирал Жи Вүк Шиний дэвшүүлдэг гайхалтай санаа бий. Энэ бол тархины эргэлт. Мөн тархины холбоос гэх санаа юм. Ази дамнасан улс орнууд соёлынхоо ижилсэл, түүхийнхээ улбаа, Алтай дамнасан хил язгаарынхаа хэлхээ холбоон дээр үндэслээд бид тархины эргэлт, тархины холбоос, соёл иргэшлийнхээ холбоосыг сэргээх нь ихээхэн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас энэ жилийг “Монголд зочлох жил” болгон зарласан. Өдгөө Алтай дамнасан алтай хэлний язгууртай улсуудын олон арван сая хүн Монгол Улсыг өөрийн гарал үүслийн өлгий хэмээн үзэж, манай оронд зочлон ирэхийг хүсдэг нь судалгаанаас харагддаг. Түрэг улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр зөвхөн Турк Улсад гэхэд 20-30 сая хүн Орхоны хөндийд ирж үзэхийг мөрөөддөг гэж байсан. Тиймээс бидэнд ямар нэг далдын хэлхээ холбоо, бие биеэ эрэлхийдэг сэтгэл зүрх байдаг гэдэгт би итгэдэг. Ийм учраас энэхүү эрэл хайгуулыг шинжлэх ухааны түвшинд үргэлжлүүлэх нь өнөөдрийн чуулганы бас нэг онцлог юм.
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын 5 дахь зорилт болох Жендерийн тэгш байдлыг хангах тухай асуудал дээр төвлөрч байна. НҮБ-аас зарласан Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн шударга ёс, эдийн засгийн хүртээмж гэх мэт олон харилцан уялдаатай өргөн хүрээтэй асуудлыг авч үздэг. Гэхдээ эдгээр асуудлыг авч үзэхэд, жендерийн тэгш байдлыг хангахгүйгээр бид жигд үр дүнд хүрч чадахгүй. Ирж яваа цагийн дууг эрчүүд дангаараа дуулж болохгүй. Эргэх хорвоогийн хүндрэл бэрхшээлийг эрчүүд дангаар шийдэж чадахгүй. Эмэгтэйчүүдийн дуу хоолой чухалд тооцогдох шинэ цаг үе ирж байна гэлээ.