/2023.06.13/: Монгол Улс, АНУ хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилго бүхий “Door-knock 2023” айлчлалыг Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (Амчам)-аас 2023 оны зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд Вашингтон ДС хотноо зохион байгууллаа.
Уг айлчлалыг 2014 оноос хойш хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаагийнх нь 7 дахь удаагийнх нь юм. “Door-knock 2023” айлчлал нь Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (Амчам)-ын гишүүд, бизнесийн байгууллагуудын төлөөлөгчдийг АНУ-ын Засгийн газрын бодлого боловсруулагчид болон америкийн бизнес эрхлэгчидтэй харилцах боломжийг олгох, Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар мэдээлэл өгөх болон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцах зорилготой юм.
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр “Door-knock 2023” айлчлалын төлөөлөгчдийг ЭСЯ-нд хүлээн авч уулзан, Монгол Улс, АНУ хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд хийгдэж буй онцлох арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.
Айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (Амчам)-ын удирдлага болон Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, “Алтай холдинг” ХХК, “Sendly ББСБ” ХХК, “Melville & Erdenedalai” ХХК, Монголын Ипотекийн Корпорац, “Сэрүүн” групп, “Грандмед фарм” ХХК, “Ондо Холдинг” ХХК зэрэг 14 гишүүн компаний удирдлагууд оролцов.
Төлөөлөгчид АНУ-ын Конгрессийн гишүүн Дина Тайтус, Даррел Иса нарын ажлын албаны зөвлөхүүд, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Төрийн Департамент, Худалдааны яам, Худалдааны танхим, Худалдааны төлөөлөгчийн газар, Хөгжлийн санхүүжилтийн газар, ЭКСИМ банк, Азиа группийн удирдлагуудтай уулзалт хийж, хоёр орны худалдаа, бизнесийн харилцааг дэмжих цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.