/2023.05.03/: НЗДТГ-ын дарга И.Баатархүү Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Ханнес Такачтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
ЕСБХБ нь 2013 оноос хойш Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод хэрэгжиж буй олон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, зөвлөх үйлчилгээ болон техникийн тусламж үзүүлж ирсэн юм.
Уулзалтын үеэр ЕСБХБ-ны зүгээс Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн явцыг эрчимжүүлэхэд нийслэлээс дэмжлэг хүсэж буйгаа уламжлав.
НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж, улаанбаатарчуудын амьдралын чанарыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулан, найдвартай түнш болж хамтран ажилладагт талархал илэрхийлье.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт удааширсан ч цаашид тэдгээрийн явцыг эрчимжүүлэхэд нийслэлийн зүгээс анхаарч ажиллана. Түүнчлэн дэлхийн чиг хандлагын дагуу ногоон, эко төслүүд хэрэгжүүлэхийг чухалчилж буй. Иймд орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин, хамтарч ажиллахад бэлэн” хэмээлээ.
ЕСБХБ-ны Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Ханнес Такач “Улаанбаатар хоттой хамтран ажиллахад ямагт таатай байдаг. Орлогод нийцсэн ногоон орон сууцны төсөлд дэмжлэг хүсэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд, нэн ялангуяа “Шинэ тойрог зам”-ын төсөлд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлье” гэсэн юм.
Нийслэлд олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд төсвийн хөрөнгө оруулалт хангалтгүй тул санхүүгийн бусад эх үүсвэрийг бий болгоход Хотын дарга анхаарч буйг НЗДТГ-ын дарга И.Баатархүү онцолж байв. Мөн Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрийг нийслэлийн зүгээс дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: НЗДТГ