Маргаашийн тухай ярихын тулд бид өнгөрсөн рүүгээ эргэн харж, нэгийг бодож хоёрыг тунгаан, урагш алхах замаа засах учиртай. Тиймээс бид “Маргаашийн тухай” ярилцлагын ээлжит зочноор "Соёлын өртөө” гэх шинэ цагийн сэтгүүл гаргасан Хариад овогтой Уянгааг урьж ярилцлаа.
Бид хэн юм бэ гэдэг тэр зөрчилдөөнтэй цэг дээр очих чухал
-Соёлын өртөө сэтгүүлийн анхны дугаарын нээлт саяхан болсон. Энэ сэтгүүлийн талаар хүмүүс “их өвөрмөц агуулгатай юм” гэж ярьж байна. Яагаад ийм сэтгүүл гаргах болов. Сэтгүүлийн өвөрмөц агуулга нь чухам юундаа байна вэ гэдэг талаар яриач?
-Залуу үедээ өөрсдийгөө хэн бэ гэдгийг танин мэдэх боломжтой түүхийн мэдээлэл өгөх зорилгоор ийм сэтгүүл хийе гэж бид шийдэж, жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн. “Агуулгын хувьд өвөрмөц юм байна” гэж ярьж байна гэдэг өөрөө бас нэг мэдээлэл юм. Яагаад өвөрмөц гэж бодоод байгаа юм. Уг нь бид нарын түүх байхгүй юу. Тэгэхээр бид зорилгодоо хүрж байна гэсэн үг.
-Залууст яг ямар мэдээлэл өгөхийг хүсэж байна вэ гэдэг асуултаас эхлээд ярья. Бид социалист нийгэмд 70 жил амьдарлаа. Дараа нь ардчилсан нийгмийг бий болгож, одоо 31 дэх жилдээ амьдарч байна. Өөрөөр хэлбэл, бид түүхийн 100 жилийг туулчихлаа. Би танай сэтгүүлийг уншаад “100 жилийн дараа бид түүхээ эргэж харах тэр цаг болсон юм болов уу” гэж бодлоо. Энэ тал дээр юу гэж бодож байна?
-Ер нь бол тийм. Бид жишээ нь хэн бэ гэдэг асуулт их тод байна. Залуучууд гадагшаа явахыг л мөрөөдөөд байна гэж яриад байна. Гэхдээ яагаад гэдгийг ерөөсөө асуухгүй байна. Тэр хүүхдүүд яагаад дайжаад байгаа юм.
-Эдийн засгийн боломж муу болохоор өндөр цалин авах гээд сайхан орчинд амьдрах гээд ч юм уу.
-Тэгвэл яагаад Монгол сайхан биш юм тэгвэл.
-Агаарын бохирдлоос эхлээд л хэцүү байна шүү дээ.
-Монгол газар нутгийн хувьд маш том шүү дээ. Монгол Улс гэхээр Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй. Тэр хязгаарыг нь тэлж өгмөөр байгаа юм. Монгол гэхээрээ Улаанбаатараар төсөөлөөд л “За энд боломжгүй бол ерөөсөө явъя” гэдэг болчихсон. “Би хэн юм бэ, би хаана хамааралтай юм, би яагаад Булганд очоод амьдарч болохгүй байгаа юм. Эсвэл яагаад Дорнодод очоод амьдарч болохгүй юм” гэсэн тэр төсөөлөл алга. Яагаад байхгүй гэхээр тэнд өөртэй нь холбоотой зүйл байхгүй юм шиг төсөөлөл үүчихсэн байна.
-Бид бүгдээрээ хотын иргэн болохыг хүсэж байгаа. Хөдөөний гэдэг нь бараг доромж үг шиг санагддаг болчихсон.
-Тэгэхээр яг эргээд бидний түүхтэй холбоотой болчихож байгаа юм. Жишээлбэл, биднийг суртал ухуулгаас авхуулаад зөндөө юмаар хийсэн.
-Бүтээсэн гэж үү?
-Тийм, биднийг бүтээсэн. Би жишээлбэл 80-аад онд төрсөн хүн. Намайг тухайн үеийн нийгэм “Социализм бүтээх залуу үе, шинэ хүүхэд” гэж харж байгаа юм. Гэтэл тэр үеийг нь 90 оноос халчихсан. Энэ хоёр нийгмийн дунд зөрчилдөөнтэй зүйлс асар их бий. Тэдгээрийн нэг нь түүх соёл. Түүх соёлыг маань дарангуйлах маягаар маш их зүйл хийсэн. Жишээ нь, киногоор дамжуулж. Түүхийг яриулахгүй байх, тэр үед жишээлбэл Чингис хааныг ярих хориотой байсан. Яагаад Чингис хааныг ярих хориотой байдаг юм бэ. Уг нь бидний түүхийн том сурвалж, бидний бахархах зүйл байхгүй юу. Гэх мэт олон санаанаас бид сэтгүүл гаргах ёстой юм байна гэж шийдсэн. Бид хэн юм бэ гэдэг тэр зөрчилдөөнтэй цэг дээр нь очих чухал. “Гадагшаа л явах юм байна” гээд байгаа тэр залуус чинь нэг юм руу тэмүүлээд байна шүү дээ. Гэхдээ тэр тэмүүлэл нь эргээд Монголд байж яагаад болохгүй гэж? “Архангайд очоод Хүннү үеийн тэр гоё булшнуудаа судалмаар байна” гэдэг ч юм уу. Бидэнд судалгааны чиглэл асар их байгаа. Гаднынхан бол Монголд очиж судалгаа хийх мөрөөдөлтэй байдаг. “Танай тэнд тийм сурвалжууд байна шүү” гээд надтай уулзахаараа яриад байдаг. Монгол залууст харамсалтай нь, олж харах соёлын капитал нь байхгүй болчихсон.
-Нэг магистрант охин 13-р зуунд Монгол эмэгтэйг бортого малгайтай оршуулдаг байсан гэх сэдвээр судалгаа хийхээр зэхэж байгаа гэж ярьж байсан. Миний хувьд “Бортого малгайтай оршуулдаг л байсан юм байна. Тэгээд юу гэж? Наад судалгаа чинь яг хэнд хэрэгтэй юм” гээд ярьж байсан л даа. Тэгэхээр өөрийн чинь яриаг уншиж байгаа хүмүүс гайхна шүү дээ. Би энд хоёр хүүхдээ тэжээх гэж байхад Архангайд тэр Хүннүгийн булш байна уу, байхгүй байна уу надад ямар хамаатай юм бэ, гэдэг ч юм уу тиймэрхүү бодол төрөхгүй гэж үү?
-Манай Монголд ядуурал их болчихсон байна шүү дээ. Санхүүгийн капиталын хувьд бид маш дорд орчихсон. Үүнээс өөр капитал байдаггүй юм уу? Соёлын капитал, нийгмийн капитал гээд. Санхүүгийн капиталд өөрөө юун дээрээс үүсдэг юм бэ?
-Ер нь санхүүгийн капиталыг бий болгож байж бусад капитал үүсдэг байж болзошгүй.
-Ерөнхийдөө тийм байж болно. Тэгвэл нэг жишээ ярих ёстой. Солонгос зөөлөн хүчний бодлого гэж яриад л, их кино хийгээд байгаа шүү дээ. Тэгвэл тэр киног дагаад юу явдаг вэ? Кино чинь өөрөө маш том соёлын капитал болчихсон. Тэгээд тэрийгээ түгээж байна. Харин түүний араас хүсээд байгаа хөрөнгө санхүү чинь бий болно. Зүүн өмнөд азид Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл нь 5 тэрбум долларт хүрчихсэн байгаа юм. Тэгэхээр соёлын капитал чинь өөрөө бусад капиталаа бий болгодог юм байна. Соёл гэхээр театрт ороод ч юм уу, их гоё биеэ авч явахаараа соёлтой болно гэсэн үг биш. Түрүүн ярьсанчлан “хөдөө муухай” гэж төсөөлөөд байна гэдэг чинь соёлын капитал тэнд байхгүй гэж бидэнд итгүүлээд байгаа юм. Гэтэл хөдөө очихоор хоол хүнснээсээ авхуулаад гоё шүү дээ, ер нь. Хөдөө очихоор тэр хүмүүсийн урлаж байгаа, өдөр тутамдаа хийж байгаа зүйлсэд маш их соёл байдаг. Тэрийгээ бид олж харахаа больчихсон.
Хэлмэгдүүлэлтээс өмнөх үед монголчуудын харилцаа, үнэт зүйл бидний мэдэх тэр түүхээс их өөр байжээ
-За бид 100 жилийг өнгөрөөчихжээ. Олон зүйл дээр л 100 жилээ тэмдэглэж байна. Одоо эргээд хартал, бид зөрчилдөөнтэй хүмүүс болчихжээ. “Чи хөдөөнийх, би хотынх” гээд өвөлжин, хаваржин хэрэлдэж байснаа зун болонгуут бөөнөөрөө хөдөө яваад өгчихдөг ч юм уу. Аль эсвэл хэрэлдэж байснаа цагаан сараар гар зөрүүлж золгоод л. Нэг харахаар сүрхий уламжлал яриад ч байгаа юм шиг. Эсвэл орчин цаг руу тэмүүлээд ч байх шиг. “Чингис хааныг ярих ёстой”, “Одоо Чингис хаан хангалттай, урагшаа харцгаая” гээд байдаг. Ийм төөрөлдсөн, зөрчилдсөн нийгэм бий болчихлоо л доо. Энэ талаар танай сэтгүүлийн өмнөтгөлд их гоё оруулж өгсөн байсан.
-Өнгөрснөө харах чухал юм уу гэвэл яалт ч үгүй маш чухал. Гэхдээ өнгөрсөн 100 жил гэж ярихдаа бид яг үе үеэр нь бодох ёстой юм. 1950-1970 оны хүмүүс бол “Коммунист инкубаторийн үе”. Тэр үед пионерын улаан бүч зүүж, янз янзын гоё сүртэй лоозонг нэг нь гарч ирж уншаад л, нөгөөдүүл нь тэр уншигч хүн шиг л байж, тэр хүн шиг л бодох ёстой гэдэг байлаа. “Чи бол нэг их онц биш, харин энэ хүн л хамгийн сайн, чи энэ хүн шиг байх ёстой” гэсэн суртал ухуулгатай. 1950 оноос өмнөх нь хэлмэгдүүлэлтийн үе. Тэр хэмэгдүүлэлтээр уламжлалаа тээж байсан овог аймгуудыг устгасан. Гэтэл хэлмэгдүүлэлтээс өмнөх буюу 1930-аад оноос өмнөх үед хүн хоорондын харилцаа, үнэт зүйл их өөр байжээ. Бидний “тархи угаалтаар” олж авсан мэдлэг, мэдээллээс тэс өөр.
Бидний хувьд коммунизмаас гараад удаагүй шүү дээ. Коммунизмын дараа ганзагын наймааны үе байлаа. Чөдөр шиг тушсан нийгмээс гараад бүгд тал тал тийшээ тарж, наймаа хийсэн. Тэнэмэл хүүхдүүд, өвгөнтийн архичид гээд 90-ээд он бол хүнд шүү дээ. Гэтэл тэр бүхнийг өнөөдөр залуучууд бараг мэдэхгүй болох гээд байна. Ярихаар бараг өөр ертөнцийн юм шиг болчихсон. Гэтэл бид тийм хөгшин хүмүүс биш шүү дээ уг нь. Барууны судалгаан дээр “Kin network” гэж ярьдаг, өөрийн хамаарах гэр бүл найз нөхдийн, аймаглан хамаарах дотно хүрээ, тэрийг их өөрчилсөн байна. Мөн орчин үеийн хүний нэг сонин үзэгдэл байна, бид “Дөрвөлжин ханан дотор нянгаас айж амьдардаг” болж. Залуус өөрийн үзэл бодлоо сошиал орчинд, өөрийн хүрээллийн групп дотроо л бичдэг. Хэрэв нөгөө хүмүүсийнх нь санаа бодол таарахгүй зөрчилдвөл “Bye, block” гээд хүрээллээ шууд солиод явчихдаг. Энэ нь дундын нийгэмшлийг ихээр өөрчилж байна. Одоо бид туулж байгаа пост коммунист үе дээр “сошиал орчин үе” биднийг бүр хүндрүүлж, зөрчлийг улам бүр хурцатгаж байна.
-Өнгөрснөө харах тухайд?
-Бид тийм шинэ үндэстэн бол биш, эртний улсуудын нэг. Хэдэн мянган жилийн турш өвөг дээдсийнхээ үлдээсэн капиталаас бид хүчээ аваад яваад байгаа хэрэг. Жишээлбэл Чингис гээд л ярьдаг шүү дээ. Гэтэл Чингисийн дараа жишээлбэл маш олон хаан, хатад, гоё гоё түүх зөндөө л байгаа. Их хуралдай гэдэг институцыг Чингис хаан бүтээсэн юм шиг ойлгуулдаг. Гэтэл Чингисээс өмнөх наймдугаар зууны үеийн Монголчуудын талаар бичсэн сурвалжууд дээр гарч ирдэг. Чингис хаанаас өмнө Их хуралдай гэдэг нэрээрээ явж байсан гэж үзвэл Тэмүүжин маш их соёлын капитал дунд төрсөн хүүхэд байгаа юм. Тэгэхээр соёлын капитал түрүүний ярьсан санхүүгийн капитал хоёрын аль нь чухал юм бэ асуудал гарч байгаа биз. Өнгөрснөө харахгүйгээр бид урагшлах боломжгүй. Залуус хүүхдүүд өнгөрснөө харахгүй болохоороо хаашаа явахаа мэдэхгүй байна. Гадагшаа л явж аврал эрээд байгаа юм шиг тийм нөхцөл үүсчээ.
-Орчин цагт залууст зөөлөн хүчний бодлогоор л нөлөөлөх боломжтой болов уу. Нэгэнт бид дарангуйллын нийгмээс салчихсан учраас шүү дээ.
-“Сэрэлт” киноны эхний хэсэгт мундаг соёлжсон орос хүн машин унаж ирээд мэс засал хийж гардаг. Гэтэл удалгүй лам багш хүний судас барингуутаа мэхэлж байгаа нь гарна. Одоо энэ киног одоо үзэхдээ арай өөрөөр хар. Жишээ нь, Ганданд лам нарын хэрэглэж байсан мэс заслын багажны иж бүрдэл хадгалагдаж байдаг. Лам нар хэдийнээ мэс засал хийдэг, Сэрэлт кинон дээр гардаг шиг тийм тэнэг мангар хүмүүс биш байжээ. Тэр байтугаа Дацан дотор анагаах ухаан, мэс засал хэрхэн хийхийг, биологи, ботаникийн шинжлэх ухааныг зааж байсан юм байна. Тэгвэл тэр Сэрэлт гэдэг кино хэзээ хийгдсэн байж таарах вэ? Хэлмэгдүүлэлтээс хойш буюу 1957 онд бүтээгджээ. Хэрэв энэ кино монголчуудыг олон мянгаар нь алж хэлмэгдүүлснээс хойш удалгүй гарсан бол хүмүүст хүрэхгүй. Тэгээд яагаад тийм хойно гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, миний түрүүн ярьсан “Коммунист инкубаторийн үеийнхэн”-д зориулсан кино байгаа юм.
-Хүлээж авах тархи нь бий болчихсон үед гарсан байх нь.
-Тийм, нутагшуулах боломж нь бий болсон байж. Тэгэхээр бид 100-аас өмнөх жилийн түүхээ эргээд харах ёстой юм байна. Тэр нураагдсан хүрээ хийдүүдэд юу байсан юм, тэрнээс өмнө Монголчууд ер нь ямар байсан юм бэ, өвөг дээдэс маань ямар үнэт зүйлтэй байсан юм бэ гэдгийгээ харах чухал болчихоод байна.
Монголчууд нэгдэн нийлдэггүй байсан юм бол яаж дэлхийн талыг эзэлчихсэн байх вэ?
-Дахиад л зөрчилдөөн. Одоо бодохоор нүүдэлчин бид их онцгүй хүмүүс юм байна шүү. Баруун уулан дээр амьдарч байгаа Дорж, зүүн уулан дээр амьдарч байгаа Дулмаа хоёрт эдийн засгийн болоод нийгмийн харилцаа бий болох шаардлага бараг байхгүй. Би 5 малаа хариулаад, Дулмаа 10 малаа хариулаад явж байхад ер нь тэгээд л болчихдог. Харилцан хамаарал их багатай. Үүнээс шалтгаалаад нүүдэлчид амиа хичээсэн, аль эсвэл морь унаж давхисаар байгаад залхуу болчихсон гэдэг ч юм уу. За тэгээд ер нь суурин соёл иргэншилтэй их зөрчилддөг юм байна. Гэтэл нөгөө талаас нь бодвол Европчууд муу муухайдаа живж байхад Монголчууд бүр шоронгүйгээр, бүх шашин хамтран нэг доор, нэг нийгэмд хамт амьдарч болохоор зэрэг олон ухаалаг шийдвэрүүдийг аль хэдийнээ бүр хэдэн зууных нь өмнө бодоод олчихсон байж гэж бодохоор сонин. Ингээд бодохоор ухаантай ч юм шиг гээд дахиад л зөрчил үүчих юм.
-70 жилийн туршид “Нүүдэлчин ахуй бол муухай” гэж ярьсан, тэрийг нь сонсож өссөн бүтэн үе байгаа. Тэр хүмүүсийн гэр бүлд манай залуу үе өссөн. Аз болоход, урдынх шиг бүх юм нь хаалттай, хориотой байсан үе өнгөрч, нээлттэй юм чинь түүхийг бодитоор нь таниулах ёстой. Бид одоо яг юугаа өвлүүлэх гээд байгаа юм, бид Монгол гэж яривал яг юу юм бэ” гэдэг олон зүйлийг судлах, эргэж харах, хойч үедээ таниулж ярих цаг болжээ. Чи түрүүн хэллээ шүү дээ “Нүүдэлчид хоорондоо нийлдэггүй, нийлэх шаардлагагүй байсан” гээд. Хэрэв бид нийлдэггүй байсан бол яаж нийлээд дэлхийн талыг эзэлчихсэн байх вэ?
-Монголчууд багийн спортод жилээлбэл явж чадахгүй ээ гээд л ярьдаг. Яагаад гэвэл Монголчууд чинь нэгдэж, нийлж чаддаггүй юм чинь.
-Гэхдээ маргаж болно шүү дээ. Нүүдэлчин овог аймаг харилцдаггүй байсан юм уу гэхээр тийм биш. Харин ч бүр нандин харилцаатай байжээ. Тэгвэл “Хүний нийгэм суурин байх нь л хамгийн гоё” гэдэг чинь чамд ийм л бодлыг төрүүлэх гэсэн колончлолын бас нэг элемент. Чи өөрийнхөө нүүдэлчин ахуйгаар бараг хэдэн мянган жилийн турш амьдарч болоод байсан атлаа яагаад гэнэт өнөөдөр тэр нь муухай болчхоод байгаа юм бэ. Монголчуудыг бас суурин хотгүй байсан гэж яриад байдаг. Тэгээд тийм юм уу гэхээр олон хоттой байжээ. Жишээлбэл, Иранд байгуулсан өчнөөн хот байх юм. Хятадад, Оросод өчнөөнөөрөө л байна. Монголчуудыг огт барьж байгуулдаггүй, соёлгүй гээд байсан чинь хамгийн анх чулуун байшингуудыг Оросод барьсан байна. Чулуугаар барина гэдэг нь өөрөө сонирхолтой факт юм. Чулуу чинь их хүнд шүү дээ. Тэрийг зөөж аваачаад, хэрэм цайз босгоод, тэрийгээ хэлбэрт оруулаад барина гэдэг чинь капитал байхгүй юу. Тэгэхээр нүүдэлчин овог аймаг тийм бүдүүлэг байсан байж таарах уу?
-Тэгээд яагаад судалдаггүй билээ? Яагаад гаргаж ирдэггүй билээ гэдэг асуудал л үлдэх байх.
-Монголд түүх судалж байгаа хүн цөөхөн. Түүх, археологийн хүрээлэн ч юм уу тэр баг хамт олонд нийгмийн капитал дутаад байна. Тэрийг нь санаатай юм уу, санаандгүй юм уу мэдэхгүй, гэхдээ ер нь хөгжүүлэхгүй байх, санхүүгийн капиталаар боох гэдэг ч юм уу эсвэл ер нь ингээд ач холбогдлыг нь хойш нь тавих ч юм уу тийм байдлаар байлгаад байна. Нөгөө талаараа тэд судалгаа гаргалаа гэхэд мэргэжлийн хэллэг нь нийгэмдээ хүртээмжгүй байна. Мэргэжлийн хэллэгийг энгийнчлэх орон зайд ажиллах хэрэгтэй. Тэр одоогийн байдлаар орхигдчихсон. Тэр орхигдсон орон зайг хөгжүүлцгээе гээд манай сэтгүүл гарч ирж байгаа юм.
-Даяарчлал гэж бид зөндөө л ярилаа. Даяарших ёстой юм байна гээд ярьж байснаа, үгүй ээ даяаршиж ерөөсөө болохгүй юм байна. Ялангуяа даяаршил бол том гүрнүүдийг илүү том болгоод илүү хүчирхэгжүүлээд бага нь ингээд яваандаа бараг тэд нарт дагаар орох маягтай болох гээд байгаа юм биш үү гээд л. Хэрэв дангаарших ёстой гэж үзэж байгаа бол Соёлын өртөө сэтгүүлийг гаргасан хүний хувьд сайхан тайлбарлаж өгөөч.
-Хүн өөрөө хэн юм бэ гэдгээ бодох ёстой. Бид зүгээр л нэг махан бие биш. Хүн өөрийнхөө identity-г бий болгодог. Identity-г Монголоор “ижилсэл ба ондоошил” гэж хоёр өөр үгээр хэрэглэж байна. Энэ үгэнд энэ агуулгууд хоёул багтдаг гэсэн үг. Миний харж байгаагаар соёл гэдэг бол дундын зүйл. Соёл нь нийгмийн identity. Соёлын өртөө жишээлбэл юунд хэрэгтэй юм гэвэл “Чи бид хоёрын соёл ийм юм байна шүү дээ. Бид чинь ийм хүмүүсийн удам юм байна” гээд яриад эхлэхээр тэр чамд гоё санагдана. “Нээрээ яасан юм бол” гээд сонирхох гээд үзнэ. Тэрийгээ дуурайх ч юм уу эсвэл эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэлийг ахин амьдруулах хүсэл гарч ирнэ. Тэгээд бусдадаа түгээхийг хүснэ. Бусад нь хүлээж авна. Нөгөө нийлдэггүй байсан хүмүүс чинь нэг зүйл дээр төвлөрөх гээд, нийлэх гээд байна шүү дээ. Тэгэхээр бид “Монголчууд бид нэгдэж нийлдэггүй” гэж ярих биш харин “Бид юун дээр нийлэх юм бэ” гэж асуудаг, ярьдаг байх ёстой юм. Үнэт зүйл нэг байхгүй бол нэгдэхгүй шүү дээ. Тэгэхээр түрүүний identity-ийг гаргаж ирэх нь чухал. Бид бусад улс үндэстнээс юугаараа ялгаатай байгаа юм бэ гэдгээ харья л даа. Тэрийг олж харах чинь буруу зүйл биш шүү дээ. Сүүлийн хоёр хоногт надад инээдтэй ч гэмээр юм уу зүйл их сонсогдох боллоо. “Хүмүүс Монголыг ярихаар хэтрүүлчих гээд, бүх юм Монгол болчих гээд” байна гэнэ. Яагаад бүх юм Монгол болох вий гэхээс айгаад байгаа юм. Яг үнэндээ Чингис хаанаас өмнөх хэдэн үеийг ярьж чадах юм. Ярьж чадахгүй шүү дээ. Тэрийгээ ч ярьж чадахгүй байж айгаад байна гэхээр “Айх ёстой, тийм байж болохгүй байх” гэдэг ойлголт байгаад байна. Тэр айдас бидэнд бүр нутагшчихжээ.
Глобалчлал гэвэл Монголын эзэнт гүрний үед жинхэнэ глобалчлал явагдаж байсан. Монголын засаг захиргааны талаарх зарчим, дүрэм, ойлголт дэлхий даяар тархаж бидний одоогийн баян гэж төсөөлөөд байдаг улсуудын хөгжлийн алхам нь юу байсан бэ гээд гаднын эрдэмтэд судлахаараа “Монгол алхам байна” л гэдэг.
Монгол алхам дэлхийг өөрчилсөн
-Жишээ нь?
-Одоо хэвлэгдэж гарах Францын Мари Фавэрөү зохиолчийн The Horde номонд “Hanseatic League” гэж гардаг. Тэр нь юу юм бэ гэхээр одооны Герман, Финланд, Швед, Норвеги гээд Балтын тэнгисийн өндөр хөгжилтэй улсууд гарна. Тэд Монголчууд ирэхээс өмнө ямар байсан гэдгийг өгүүлнэ. Балтын тэнгисд Новгород гээд манай Монголын засаг захиргааны хамааралтай хот байсан. Тэд хоорондоо түнжингүй, нийлж чадахгүй байсан учир Монголчууд дээр ирээд “Биднийг зохицуулаад өгөөч” гэж гуйсан байдаг. Тэнд юу нэвтэрсэн бэ гэхээр Монголын засаг захиргааны систем буюу гэрээнүүд, засаглал нэвтэрсэн байдаг. Улмаар шүүх засаглалыг нь хэрэгжүүлж, өөрсдийн зоосоо ашиглуулсан байдаг. Одоогийн Төв банк нь, Хууль зүйн яам нь болчихож байна гэсэн үг. Бид институцийг нь хийж өгсөн учир тэр улсуудын хөгжил нь “Монгол алхам” байсан гэж нэрлээд байгаа юм.
-Гэрээний түвшинд хүрсэн байсан гэхээр бичиг үсгийн соёл өндөр байжээ дээ?
-Биднийг бичиг үсэггүй байсан гээд итгүүлчихсэн. Гэрээгээ өгнө гэхээр тэнд хүн зурахгүй нь ойлгомжтой. Дандаа л бичиг үсгээр хийнэ. Мөн манай Монголын олон үедээ хийсэн ном зөндөө бий. Тэр нь хаана хадгалагдаж байна гэдэг эх сурвалжаа олох хэрэгтэй. Барууны орнууд санхүүгийн чадамжтай болохоор худалдаж аваад байна. Олон архивт тарчихсан. Авууштай нь мэргэжлийн байгууллагууд бүр устахаас хамгаалж байгаа. Тэгэхээр бас талархах хэрэгтэй. Судрууд бол гоё том томоороо олдож байна. Манай хүүхэд залуус өөрсдөө энэ салбар луу орооч ээ, архиваа ухаач ээ. Архиваа ухах мэдлэгийг сургуулийн орчинд, их сургуульд ч юм уу орж сураач ээ. Бүгдээрээ түүх соёлын улаач болъё л доо. Түүх соёлоо дахин нээх, яг бодитоор нь харах өртөөлсөн аянд бүгдээрээ улаач болцгооё.
-Сэтгүүлтэй холбоотой сүүлийн асуултыг асууя. Энэ сэтгүүлийн нүүрэн дээр байгаа эмэгтэйн зураг яг ямар учиртай зураг вэ?
-Энэ эмэгтэй манай Ил хааны Абага хаантай гэрлэж байсан Византийн гүнж. Энэ хоёрын дундаас гарсан нэг хөөрхөн охин байгаа. Охины нэр надад хөөрхөн санагддаг. Та хэд мэдмээр байгаа бол сэтгүүл дотроос олж уншаарай. Тэгээд энэ сэтгүүлд байгаа өөр нэг нийтлэл энэ эмэгтэйтэй холбоотой байгаа. Ямар холбоотой гэдгийг нь бас олох боломжтой. Ингээд жаахан битүү үлдээчихье.
-Дараагийн дугаарт нь юу гарах вэ? Дараагийн дугаар хэзээ гарах вэ?
-Улиралд нэг гаргах төлөвлөгөөтэй. Бүтээл гарахад санхүүгийн дэмжлэг байх хэрэгтэй. Бидний үйл ажиллагаа бол ашгийн бус, төрийн бус байгууллага. Тэгэхээр хэрвээ та хэдэд сэтгүүл таалагдсан бол бидний үйл ажиллагааг дэмжээд хандив өгөөсэй гэж хүсэж байна.
-Соёлын өртөөг жинхэнэ утгаар нь хийж, дэлхийн олон орны музейнүүдээр өөрөө явж байгаа. Хамгийн сүүлд Камбож руу явсан байсан уу?
-Үгүй. Түүний дараа буюу хамгийн сүүлд Францын Луврын музей орсон.
-Тэр болгоноос юуг цуглуулж байгаа вэ? Монголтойгоо холбоотой үзмэрүүдийг цуглуулж байна уу, мэдээллийг цуглуулж байна уу, харилцаа хамтын ажиллагааг бий болгож байна уу?
-Миний мэргэжил өөрөө нийгэм соёлын сэтгэлзүйч. Монголчуудыг зөвхөн Монголчууд харах биш Монголчуудыг бусад нь яаж харж байсан бэ гэдэг өнцгөөр харах их сонирхолтой байдаг. музейнүүдээр яваад артифактуудаа цуглуулахдаа “Энэ Монголынх, монголчууд хийсэн” гэхээсээ илүү “Монголчуудыг яаж харж төсөөлж байсан юм бэ” гэдэг төсөөлөл цуглуулаад байгаа юм. Луврын музейн Италийн уран зургийн галерей руу ороод “Марко Полод хүрсэн тэр мэдээлэл, эргээд Марко Пологийн аваачсан мэдээлэл энд байх ёстой. Биднийг харж төсөөлсөн юмнууд байх л ёстой” гэж үзсэн. Тэгэхэд Италийн зурган дотор Монголын зүйлс маш их байгаа юм. Италийн зургуудад урьд нь жишээлбэл торгон эмжээргүй байсан байна. Манай Ил хаадтай харилцаанд орсны дараахан Итали зургууд торгон эмжээртэй болж эхэлж байгаа юм. Итали зургийн галерей рүү ороод гурав дахь зураг нь бил үү дээ, Христийг цовдолж байгаа том зураг байсан. Тэгээд энэ хэн цовдлоод байна гээд очоод нэг нэгээр нь харахаар Монгол цэргүүд тэр дотоор байна.
-Монгол цэргүүд ээ?
-Тийм. Яг царайг нь хараад би тэр байна гэж хэлж мэдэхгүй шүү дээ. Тэрийг Монгол байна гэж тогтоохын тулд харахад, нэгдүгээрт морьтой байна. Монголчуудын конусан хэлбэртэй дуулга байдаг шүү дээ. Тэд нарыг зүүчихсэн байна. Тэгээд хээ хуар нь, торгоор эмжчихсэн дээлтэй гэх мэт.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа. Бүгдээрээ түүх соёлоороо өртөөчилж хамтдаа үнэт зүйлээ, нийгмийн хамтын оролцоотойгоор бий болгоцгооё гэж хэлмээр байна.
Маргаашийн тухай: Хиймэл оюун ухаан хүний амьдралыг чиглүүлнэ бас чиглүүлэхгүй
Маргаашийн тухай: Хувийн сургуулиуд тэгш бус байдлыг гааруулж байна
Маргаашийн тухай: Хүүхэд төрсний дараах эс залуужуулах үйлчилгээгүй