/2022.08.08/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийсэн юм.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, БНХАУ-ын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо. Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаар манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагууддаа ярилцахаар тохиролцлоо. Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлаар ярилцлаа гэв.