/2022.07.29/: ОХУ-ын Приморскийн хязгаарын Владивосток хотноо өчигдөр орой “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадам нээлтээ “Фетисов арена” спорт цогцолборт хийлээ.
Наадамд оролцож байгаа Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Ливан, Монгол, ОХУ, Пакистан, Тайланд, Туркменистан, Узбекстаны 13 орны 1,355 тамирчдын жагсаал боллоо.
Урлаг, соёл, циркийн олон арван сонирхолтой тоглолт, үзүүлбэрийг Приморскын хязгаарын болон Саха Якутын мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, төлөөллүүд үзүүллээ. Нээлтийн ажиллагааг Оросын МАТЧ ТВ телевиз шууд дамжуулан үзүүлсэн байна.
Наадам спортын 19 төрлөөр болж, 273 багц медаль гардуулах ба тэмцээнүүд долоодугаар сарын 28-нд элсний волейболын төрлөөр хотын төв талбайд эхэлсэн юм. Наадам наймдугаар сарын 8-нд дуусна.
Өсвөрийн тамирчид Владивосток хотноо “Океан” олон улсын хүүхдийн төвд амьдарч, олимпын тосгоны адил бүх нөхцөлөөр хангагдсан байна.
Монголын тамирчид спортын таван төрөлд /жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усан сэлэлт/ 48 хүний бүрэлдэхүүнтэй баг Биеийн тамир, спортын улсын хорооны шууд удирдлагатайгаар оролцож байна. Монголын баг тамирчдын тэмцээн өнөөдөр усан сэлэлтийн төрлөөр эхэлж, УТЦ Олимпиеца нэртэй олимпын стандартын бассейнд тамирчид гараандаа гарч уралдана.
Эх сурвалж: БТСУХ