/2022.7.28/ Өнөөдөр Дэлхийн хепатитын ѳдѳр. Энэ өдөр дараах уриалгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ТНБД Ц.Эрдэмбилэг нарт хандан дараах уриалгыг гаргажээ.
Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” арга хэмжээний тѳлѳвлѳгѳѳг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан баталж, эрдэмтэд, эмч мэргэжилтэн, ѳвчтѳнүүдийн тѳлѳѳллийг идэвхтэй оролцуулан орон даяар тогтвортой, тасралтгүй, монгол хүн бүрийг жигд хамруулан хэрэгжүүлэх талаарх УРИАЛГА
Монгол Улсад ѳдѳрт дунджаар 5 Монгол хүн элэгний хорт хавдраар нас барж байна. Монгол Улс 100 мянган хүн тутамд оногдох элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийн дунджаас даруй 10 дахин их, дэлхийд хол тасархай тэргүүлж байна.
Энэ их цагаасаа эрт нас баралт, хагацал зовлонгийн үндсэн шалтгаан нь хепатитын вирүсийн чимээгүй тахал юм. Ус муутайгаас, мах их иддэг, эсвэл хортой хүнснээс болоод Монгол хүн элэгний хорт хавдар, элэгний хатуурлаар нас бараад байгаа биш юм!
Элэгний хорт хавдар, элэгний хатуурлын үндсэн шалтгаан болсон хепатитын В, С, Д вирүсийг байнгын тээгч болсон 400 мянган Монгол хүн байгаа нь Монгол Улсад элэгний хорт хавдар, элэгний хатуурлын нас баралт ѳндѳр байгаатай шууд холбоотой.
Хепатитын В, С, Д вирүсийн чимээгүй тахлыг хазаарлан зогсоох элэгний хорт хавдар, элэгний хатуурлын нас баралтын эрс бууруулах зорилготой Элэг бүтэн Монгол үндэсний хѳтѳлбѳрийг Оном сангийн Эрдэмтдийн баг 2012 оноос хойш санаачилан суурь судалгааг 2013 онд хийж гүйцэтгээд 2014 оны 09 сарын 08-нд олон нийтэд зарлан хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2016 – 2020 оны Үйл ажиллагааны хѳтѳлбѳрт 2016 оны 09 сарын 09-ны ѳдѳр Монгол Улсын Их хурлаас албан ёсоор оруулан баталж хэрэгжүүлсний үр дүнд 1.2 сая Монгол хүн хепатитын вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд орон даяар хамрагдаж, 60 гаруй мянган Монгол хүн хепатитын С вирүсийн эсрэг эмчилгээ хийлгэж эдгээд байна. 2020 оны албан ёсны тоо баримтаар 100 мянган хүн тутам дах элэгний хатуурлын нас баралт 2012 – 2020 оны хооронд 2.1 дахин буурсан үзүүлттэй байна.
Харин элэгний хорт хадврын нас баралт буурахгүй тогтмол байгаа нь хепатитын В, Д вирүсийн давхар халдвартай 150 мянга гаруй, хепатитын В вирүсийн дан халдвартай хүмүүсийн 100 мянга гаруй байгаатай мѳн эдгээр хүмүүст оношилгоо, эмчилгээний хүртээмж маш муу байгаатай шууд холбоотой юм. Мѳн ѳсвѳр насны хүүхэд залуучууд хепатитын В, Д вирүсийн халдвар авч байнгын вирүс тээгч болж байгаа нь Оном сангийн Эрдэмтдийн багийн хийж байгаа судалгааны үр дүнгээс маш тодорхой харагдаж байна.
Эдгээр асуудлууд бүгд шийдэлтэй, эдгээр шинжлэх ухааны шийдлийг хурдан авч, зѳв зүйтэй хэрэгжүүлэх нь Монгол тѳрийн үүрэг юм.
Алив асуудлыг хий хоосон шүүмжлээд суух биш шийдэл олох нь Оном сангийн Эрдэмтдийн багийн гол зорилго юм. Иймээс Оном сангийн Эрдэмтдийн баг дараах эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж гүйцэтгэн тодорхой шийдлүүдийг олж тогтоогоод байна. Үүнд:
-
2017 – 2022 оны хооронд “Монгол Улсын 24 хүртэлх насны хүн амын дунд хепатитын В, С, Д вирүсийн тархалтыг тогтоох, хепатитын В вирүсийн халдвараас сэргийлэх вакцины үр нѳлѳѳг үнэлэх” судалгааг Оном сан, Элэгний тѳвийн Эрдэмтэн, судлаачдын баг хийж, хепатитын В, Д вирүсийн халдварыг Монгол Улсад таслан зогсоох шийдэл гаргалаа. Монголын тѳр нэн яаралтай авч хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.
-
Хепатитын В, Д вирүсийн давхар халдвартай хүмүүсийн нэн шинэ эмчилгээний эмнэлзүйн 3 дугаар шатны судалгааг Оном сан, Элэгний тѳвийн Эрдэмтэн, судлаачид, эмч нарын баг, Монгол Улсын тэргүүлэх эмч нарын багтай хамтран хийж дуусах дѳхѳж байна.
3. Элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх нэн шинэ эмийн эмнэлзүйн 2 дугаар шатны судалгааг Оном сан, Элэгний тѳвийн Эрдэмтэн, судлаачид, эмч нарын баг, Хавдар судлалын үндэсний тѳвтэй хамтран хийхээр маш идэвхитэй ажиллаж байна.
Эрдэмтэд биднийхээ зѳвлѳгѳѳг сонсож, Элэг бүтэн Монгол арга хэмжээний хоёр дугаар үе шатыг шинжлэх ухааны үндэстэй, бодит судалгаанд суурилсан стратеги арга зүйтэй, олон талын оролцоотой зѳв зохион байгуулалттай хэрэгжүүлж эхлээрэй.
Олон мянган Монгол хүний амь нас элэгний хорт хавдар, элэгний хатуурлаар эрсдэж байна. Олон мянган хүүхэд залуус ирээдүй хойч маань хепатитын В, Д вирүсийн халдвар авч байна. Энэ бүхнийг таслан зогсоох арга, шийдэл эрдэмтэд бидэнд байна.
Эцэст нь Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамыг Оном сангийн Эрдэмтдийн баг бүхий л чадлаараа дэмжиж ажиллахаа дахин илэрхийлж байна. Монголчууд бид эвлэн нэгдэж зүтгэхэд, чадахгүй, мэдэхгүй зүйл үгүй билээ. Улс Монголоо хепатитын вирүсийн чимээгүй тахлын аюулаас аврахын тѳлѳѳ атгасан гар шиг нэгдэж хамтран зүтгэцгээе!