/2022.07.26/: Монгол Улсын Засгийн газар болон Боловсрол, Шинжлэх ухааны яам хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын багш сурагчдад дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны "Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээний тухай" 372 дугаар тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/145 дугаар тушаалаар баталсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө” (2022-2023)-ний дагуу Ахлах ангийн суралцагчдад зориулсан англи хэлний нэг жилийн эрчимжүүлсэн ‘Welcome’ хөтөлбөрийг ерөнхий боловсролын 20 сургуульд хэрэгжүүлнэ.
Англи хэл сайн эзэмшсэн суралцагчид бусдынхаа англи хэлний түвшнийг ахиулахад зөвлөгчөөр ажиллаж, хамтран суралцах “Зөвлөгч\ментор сурагч” хөтөлбөрийг ерөнхий боловсролын 50 сургуульд хэрэгжүүлнэ.
“Х-reading” зэрэг цахим номын санд түшиглэн, суралцагч, багш нарын англи хэлний чадварыг хөгжүүлнэ.
Математик, байгалийн ухааны хичээлүүдийг англи хэлээр заах багш нарыг мэргэжлийн англи хэлний сургалтад хамруулж эхэлнэ.
Англи хэлний багш бус, бусад мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн иргэдийг англи хэлний багшаар хөрвөн ажиллах боломж бүрдүүлнэ.
Лаборатори сургуулиуд дээр англи хэлний сургалтын танхим байгуулагдаж мэргэшсэн сургагч багш нар ажиллана.
Үндэсний их сургуулиудад TESOL түвшний сургалт явуулахад дэмжлэг үзүүлнэ.
Багш нарт TESOL зэрэг олгох сургалтуудыг дотоодын байгууллагууд, мэргэжлийн холбоо, гадаад хэлний төвүүдтэй хамтран зохион байгуулна.