/2022.7.22/ Орос, Украин, Турк улсуудын төлөөлөгчид Украины бүслэгдсэн Хар тэнгисийн боомтуудаас үр тарианы экспортыг чөлөөлөх тухай НҮБ-аас санал болгож буй хэлэлцээрт гарын үсэг зурахаар баасан гарагт /өнөөдөр/ хуралдахаар болжээ. Энэ талаар Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоганы ажлын албанаас мэдээлснийг Аль Жазира дамжууллаа.
“Дэлхийн хүнсний аюулгүй байдалд нэн чухал ач холбогдолтой үр тарианы экспортын хэлэлцээрийг баасан гарагт Истанбул хотноо Ерөнхийлөгч Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Гутерриш нар Украин, Оросын төлөөлөгчдийн хамт гарын үсэг зурна” гэж Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Калин твиттер хуудсандаа мэдэгдсэн юм.
Орос, Украин хоёр нь дэлхийн улаан буудайн хоёр том голлох нийлүүлэгчид. Гэвч ОХУ-аас Украинд дайн өдүүлснээр дэлхий дахин хүнсний хомсдолд орох аюулд хүргэсэн билээ.
Дайны улмаас Украины Хар тэнгисийн боомтуудад 22 сая тонн улаанбуудай гацаад байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт талууд Истанбулд уулзаж, Хар тэнгисийн боомтуудад хөлөг онгоцыг хөдөлж, ирэх үед нь хамтарсан хяналт тавих, дамжуулах замын аюулгүй байдлыг хангах механизмыг тусгасан төлөвлөгөөний талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэж Туркийн албаны хүмүүс мэдэгдлээ.
Эх сурвалж: Аль Жазира