/2022.07.22/: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Жендэрийн тэгш байдал, гэр бүлийн яам, Солонгосын залуучуудын ажлын агентлагтай хамтран “Залуучууд солилцооны хөтөлбөр”-ийг цахимаар зохион байгуулж байна.
Хөтөлбөр өнөөдөр эхэлсэн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүссэн юм.
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Гэр бүл, жендэрийн тэгш байдлын яам хооронд байгуулсан Залуучууд солилцооны хөтөлбөрийн хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2001 оноос эхлэн жил бүр Залуучууд солилцооны хөтөлбөрийг хамтран зохион байгуулсаар ирсэн билээ.
Уг хөтөлбөрийн гол зорилго нь хоёр улсын залуучууд өөрийн орны түүх соёл, ахуй, ёс заншил, боловсрол, байгаль, нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалт хөгжлийн талаар харилцан таниулах замаар хоёр орны найрсаг харилцаа, талуудын залуучуудын асуудлаарх хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.
Хөтөлбөрийн эхний өдөр хоёр улсын түүх, соёлын талаар танилцуулж, залуус хоорондоо танилцаж баг болон хамтран ажиллах бэлтгэлээ хангалаа. Тус хөтөлбөрт хоёр орны 18-24 насны залуусын төлөөллөөс сонгон шалгаруулж тэнцсэн оролцогчид хамрагдаж байна.
Эх сурвалж: ХНХЯ