/2021.08.12/: Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр Багануур дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр “Багануур” ХК болон “Багануурын дулааны станц” ТӨХК-ийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажилтай танилцсан юм.
Засгийн газрын тухай хуулийн 20.5-д заасныг үндэслэн Эрчим хүчний сайдын эрхлэх ажлын хүрээнд түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт, эрчим хүчний нүүрсний асуудлыг хамаарах болсон. Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхай өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 3 бүлэг 47 төрлийн ажлыг хийхээр төлөвснөөс 60 хувьтай үргэлжилж байна. Үүнээс бүрэн хийгдсэн 15, хийгдэж буй 23, хугацаа нь болоогүй 9 ажил байгаа юм.
“Багануурын дулааны станц” ТӨХК нь их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээ /ТЗБАХ/-ий хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөний биелэлт өнөөдрийн байдлаар 68.7 хувьтай үргэлжилж байна. Станцын “0” зогсолтын их засварын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь амжилттай гүйцэтгэсэн.
Дулааны станцын найдвартай ажиллагааг хангахын тулд үндсэн тоноглол болох “КВТС-20-150” маркын хос зуухан төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэх ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтад хамруулан шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа сайд илэрхийлэв.
Сайд Н.Тавинбэх уулзалтын төгсгөлд өвлийн бэлтгэл хангах ажлыг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг баримтлан ажиллах, осол аваараас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах, санхүүгийн сахилга баттай ажиллах зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.