/2022.06.06/: Орос улс Украины зүүн хэсэгт хяналтаа тогтоох оролдлогоо эрчимжүүлж байгаагаас Донбасс, Луганск мужуудад ширүүн тулаан өрнөж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэрвээ АНУ Украинд алсын тусгалтай пуужин нийлүүлбэл Москва шинэ байнууд руу цохилт өгнө гэж анхааруулж байна.
Донецкт:
Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлснээр Оросын цэргүүд Славянск хотоос хойд зүгт 20 км зайд орших Святохирскийн ойролцоо довтолгоогоо дахин эхлүүлсэн боловч хохирол амссан байна. Украины Нийслэл Киевээс зүүн тийш 482 гаруй км-ийн зайд оршдог Славянскд агаараас дахин цохилт өгчээ.
Луганск:
Оросын арми Билоривка, Миколайвка гэсэн хоёр дүүрэг рүү дайран орохыг оролдсон бөгөөд энэ байршилд Украинчууд ялагдсан тохиолдолд Северодонецк хотыг бүслэх боломжтой болох аж.
Украины тэмцэл:
Северодонецк хэдэн долоо хоногийн турш Оросын бөмбөгдөлтийн дор байсан ч ширүүн тулаан өрнөсөн хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт Луганск мужийн цэргийн захиргааны дарга Сергей Хэйдей Оросын цэргүүд хотын 80 орчим хувийг эзэлсэн гэж мэдэгдсэн бол одоо Украин хотын тал хувийг хяналтдаа авсан гэж мэдэгдэв. Тэрээр Орос ойрын хэдэн хоногт хүнд их буу ашиглан хотыг эзлэх хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлнэ гэж таамаглаж байгаа аж.
Өмнө зүгт:
Долоо хоногийн өмнө Украины сөрөг довтолгоо эхэлснээс хойш газар нутгаа бага багаар буцаан авч байгаа бөгөөд тулалдаан үргэлжилж байна. Украины цэргүүд саяхан эргүүлэн авсан Херсон мужийн Била Крыницад Оросын арми сөрөг довтолгоо хийж байна. Украины тал Орос улс далавчит пуужингаар тус бүс нутагт цохилт өгсөн гэж мэдэгджээ.
Киевт:
Ням гарагт Орос Украины нийслэл рүү таван далавчит пуужин харвасан гэж Украины арми мэдээлэв. Украины төрийн мэдлийн атомын цахилгаан станцын оператор Энергоатом компани ням гарагт нэг далавчит пуужин Өмнөд Украины АЦС-ын дээгүүр "нэн доогуур" ниссэн гэж мэдэгдэв. "Энергоатом" энэ үйлдлийг "цөмийн терроризмын ээлжит үйлдэл" гэж нэрлээд Оросын арми "ажиллаж буй эрчим хүчний нэгжийг пуужингийн өчүүхэн хэлтэрхий оноход л цөмийн сүйрэл, цацраг туяа алдагдахад хүргэдэг гэдгийг одоо болтол ойлгохгүй байна" гэж мэдэгдэв.
Зеленский фронтын шугамд зочиллоо:
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ням гарагт Донецк, Луганск, Запорожжид фронтын цэргүүдтэй уулзав. Тэрээр хэдэн долоо хоногийн турш Оросын хүчтэй дайралтад өртөж, пуужин, агаарын бөмбөгдөлтөд өртөж байсан Соледар, Лисычанск хотуудад мөн очсон байна. Зүүн өмнөд Запорожье хотод Зеленський эзлэгдсэн зарим хотын дарга нар болон “хотоос хүүхдүүдтэйгээ эсэн мэнд гарч чадсан Мариуполийн иргэдтэй” уулзсан байна.
Путины анхааруулга:
АНУ Украинд алсын тусгалын пуужин нийлүүлбэл Москва шинэ байнууд руу цохилт өгнө гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт анхаарууллаа. Киевт шинэ зэвсэг нийлүүлэх нь зэвсэгт мөргөлдөөний хугацааг сунгах болно" гэж тэрээр "Россия-1" телевизийн сувагт ярьжээ. Путин хэлэхдээ, хэрвээ Америкийн олон харвах пуужингийн системийг Украинд нийлүүлбэл "бид хараахан онилж амжаагүй байгаа объектуудад цохилт өгөх болно. Бидэнд хангалттай зэвсэг байгаа" гэв.
Хүнсний хямрал:
Үүний зэрэгцээ Путин Москвагийн Украйнд хийж буй үйлдлүүд нь дэлхийн эрчим хүч, хүнсний хямралд орж байгаа асуудалтай ямар ч холбоогүй гэж мэдэгдээд барууны эдийн засгийн бодлогыг буруутгалаа. ОХУ-ын төрийн тэргүүн ням гарагт "Россия-1" сувагт өгсөн ярилцлагадаа АНУ-ыг коронавирусын тахлын эсрэг "их хэмжээний мөнгө" эдийн засагтаа оруулсанд буруутгаж, энэ нь инфляцид хүргэсэн гэж мэдэгджээ. Тэрээр мөн Европын орнуудыг "байгалийн хий нийлүүлэх урт хугацааны гэрээг хадгалах тухай бидний яаралтай хүсэлтийг" сонсоогүй нь инфляцид хүргэсэн өөр нэг хүчин зүйл юм гэв.