/2021.08.12/
Нийслэлд шинээр нээгдсэн бизнес болох агаарын рестораны үйл ажиллагааг хаасан талаар бид мэдээлсэн.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул гарден” рестораны гадна талбайд бэлдсэн Ub in the sky агаарын рестораны үүсгэн байгуулагч н.Эрдэнэцогтой, н.Анармаа нартай утсаар холбогдож дараах мэдээллийг авлаа.
-Танайх үйл ажиллагаагаа явуулахаасаа өмнө зөвшөөрөл авсан байсан уу?
-Үйл ажиллагаа явуулж эхлээгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын "өргөх механизм краны байцаагч" анх ирээд "Монголд байгаагүй шинэ үйлчилгээ юм байна. Энэ талаарх зөвшөөрөл өмнө нь огт гарч байгаагүй, шинэ үзэгдэл байна" гэсэн. Тиймээс зөвшөөрөл гаргуулахын тулд шинэ стандарт гаргах хэрэгтэй болсон.
-Шинэ стандартыг нь хаанаас гарга гэсэн бэ?
- Стандарт хэмжилзүйн газраас гаргадаг. Тэр стандарт нь гарах хүртэл үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн юм. Бидний ашиглаж байгаа өргөгч кран нь Хятадад ашиглагдаж байсан төхөөрөмж. Хятадад яг бидний ашиглах нөхцөлөөр буюу хүн тээвэрлэж байсан гэсэн үг. Тиймээс бид Хятадын стандартыг нь бариад очсон. Одоогоор хариу гараагүй байна.
-Энэ бизнестээ хэдэн хүн, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ?
- Нийт 4 хүн тус бүр 24 сая төгрөг нийлүүлж бий болсон. Залуу хүн шинэ зүйл туршиж үзээд, бизнес эрхлэе гэхэд ингэж хааж боогдуулж байгаа нь төвөгтэй байна. Бид рестораныхаа нээлтэд зориулж зураг авсан. Үйлчилгээ явуулаагүй. Тэр үеэр юу болов гэж мэргэжлийн хяналтын байцаагч ирсэн. Гэтэл биднийг хууль зөрчөөд, зөвшөөрөл гараагүй байхад үйлчилгээгээ явуулж эхэлсэн мэтээр нийгэмд харлуулж байгаад харамсаж байна.
-Хэзээнээс бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж эхэлсэн бэ?
- Тавдугаар сараас хойш төлөвлөж эхэлсэн. Наадмын үеэр нээх боломж бидэнд бүрэн байсан. Зөвшөөрөл гараагүй учраас нээгээгүй. Fly dining, Sky dining үйлчилгээ олон улсад байдаг. Энэ үйлчилгээг Монголын хөрсөнд буулгая гэж бодсон.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Тэгвэл нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 2021.08.12-ны өдрийн 02-07-139/16 дугаартай улсын ахлах байцаагчийн актаар тус агаарын рестораны үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн байна.