Боловсролын сэтгэл зүйчид 53 мянган сурагчид тусламж үзүүлж, 74 ОНЦГОЙ КЕЙСИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын сэтгэл зүйчид 53 мянган сурагчид тусламж үзүүлж, 74 ОНЦГОЙ КЕЙСИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ

/2022.05.27/ Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд танхимаар хичээллэх боломж хязгаарлагдаж, үүний улмаас хүүхдүүд нийгмийн харилцаа, сэтгэл зүйн асуудалтай болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс манай улс 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн анх удаа мэргэшсэн боловсролын сэтгэл зүйчдийг бэлтгэн, ЕБС-иудад ажиллуулж байгаа юм.

Уг үйл ажиллагааны үр дүнг танилцуулах "Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн зорилтот ЕБС-иудын хамтын ажиллагаа-санаачилга” сэдэвт туршлага солилцох өдөрлөг өнөөдөр боллоо.

Төсөлд Архангай, Булган, Хэнтий, Хөвсгөл, Ховд аймаг, нийслэлийн СХД, БГД дүүргийн 30 сургууль хамрагдсан байна. ЕБС-иудад боловсролын сэтгэл зүйч ажилласнаар давхардсан тоогоор 74 000 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Тэдний 53 мянга орчим нь сурагч, 13 447 нь эцэг эх, 7 535 нь багш ажилтан байна.

ШХА-ийн Хамтын ажиллагааны газрын Үндэсний төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах зохицуулагч А.Заяасайхан

Тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Швецарийн хөгжлийн агентлагаас сэтгэл зүйчдэд ажиллах орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгч, шаардлагатай хэрэглэгдэхүүнээр ханган, дэмжлэг үзүүлж ажиллажээ.

Энэ талаар ШХА-ийн Хамтын ажиллагааны газрын Үндэсний төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах зохицуулагч А.Заяасайхан:

-Швецарийн хөгжлийн агентлагаас тус төслийг дэмжин ажилласан шалтгаан нь цар тахлын үед сэтгэцийн эрүүл мэндийн асуудал чухлаар тавигдлаа. Гэтэл үүнд ач холбогдож өгч байсан улс орон маш ховор байна. Ковидын энэ хэцүү цаг үед сэтгэцийн эрүүл мэнд маш чухал гэдгийг бүгд харлаа. Тиймээс манай улсын баялаг болсон хүүхдүүдийнхээ сэтгэл зүйд анхаарч ажиллах нь чухал гэдгийг ойлгосон. Хүн амын маань 38 хувийг 0-18 насныхан эзэлж байна. Тиймээс хүүхэд залуучуудынхаа сэтгэл зүйг анхнаас нь усалж тордон, хайрлах хэрэгтэй гэдэг утгаар энэ төслийг дэмжиж, томоохон үр дүнд хүрээд явж байна" гэсэн юм.

Төслийн хүрээнд 64 мэргэжилтэнг “Боловсролын сэтгэл зүйч”-ээр мэргэшүүлсэн байна.

141-р сургуулийн боловсролын сэтгэл зүйч Б.Пүрэвмаа

Хөтөлбөрт хамрагдсан 141-р сургуулийн боловсролын сэтгэл зүйч Б.Пүрэвмаа:

-Манай сургууль нийт 3200 гаруй сурагчтай. Анх сургуульд ажиллах гээд ирэхэд сэтгэл зүйчийн талаар ямар ч ойлголтгүй, заавал ямар нэг асуудалд орсон хүн сэтгэл зүйн зөвлөгөө авдаг гэж хүүхдүүд боддог байсан. Сэтгэл зүйчээс зөвлөгөө авах гэж байгаа сурагчийг "чи ямар нэг сэтгэцийн өвчтэй учраас орж байгаа юм уу" гэх байдлаар хандах байдал түгээмэл байсан. Харин одоо бол сурагчдын маань хандлага өөрчлөгдөж, бага зэрэг сэтгэл нь тавгүйтсэн үедээ сэтгэл зүйчээс зөвлөгөө авахыг илүүд үздэг болсон. Эхний хэдэн сард 10 орчим хүүхэд л сэтгэл зүйн зөвлөгөө авдаг байсан бол одоо өдөрт 3-4 хүүхэд тогтмол зөвлөгөө авч байна гэсэн юм.

Сүүлийн үед гэр бүлийн харилцааны асуудал, тэр дундаа гэр бүл салалт нэлээд их байгаа учир бага ангийн сурагчид ихэвчлэн энэ чиглэлийн зөвлөгөө мэдээлэл авдаг байна. Учир нь хүүхэд эцэг эхийнхээ салалтад өөрийгөө буруутгах хандлага түгээмэл байдаг аж. Харин дунд, ахлах ангийн сурагчид ихэнхдээ мэргэжил сонголт, үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотойгоор сэтгэл зүйн зөвлөгөө авдаг гэж 141-р сургуулийн боловсролын сэтгэл зүйч Б.Пүрэвмаа ярьсан юм.

Төслийн хэрэгжилтийн хугацаанд онцгой 74 кейсийг илрүүлж холбон зуучлах үйл ажиллагаа явуулснаар эрсдэлт үйлдэл болохоос урьдчилан сэргийлж чаджээ. Мөн 2021 онд ЕБС-ийн 12-р ангийн сурагчдын их дээд сургуульд элсэх сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх, “Ковид-19” халдварт цар тахлын сэтгэл зүйн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор сурагчдад чатбокс үйлчилгээ үзүүлсэн байна.

Цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна
Цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.