/2022.05.27/: Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Төрийн хяналт шалгалтын эрх зүйн орчин болон Ковид-19 цар тахлын үеийн байгууллагын үйл ажиллагаа” сэдэвт салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “МОН-6553: КОВИД-19 цар тахлын үеийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн санхүүжилттэйгээр зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн удирдлагууд оролцож байгаа бөгөөд бодлого төлөвлөлт, дотоод үйл ажиллагааг шуурхай, нэгдсэн удирдлагаар хангах, цаг үеийн нөхцөл байдлын талаар санал, мэдээлэл солилцох юм.
Зөвлөгөөнийг нээж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж хэлсэн үгэндээ, салбарын хууль эрх зүйн шинэчлэлт хийгдэж байгаа энэ үед зөвлөгөөнийг зохион байгуулж байгааг онцлон 20 жилийн түүх, алдаа оноогоо дүгнэж цаашид баримтлах бодлого, чиглэл, зорилтоо тодорхойлж хандлага, соёлоо шинэчлэхэд удирдах ажилтнууд манлайлах ёстойг анхаарууллаа. Мөн хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалд шууд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаанд хийгдэх хяналт шалгалтыг сулруулалгүй, илүү чамбай хийж, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгуулан, зөвийг дэмжиж, бурууд хатуу хандах хэрэгтэйг сануулав.
Түүнчлэн энэхүү зөвлөгөөнөөр Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтнууд улсын хэмжээнд болон аймаг орон нутагт хэрэгжүүлсэн КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг дүгнэж, дараагийн цар тахлын давалгаанд бэлэн байх байгууллагын төлөвлөгөөг хэлэлцэнэ гэдгийг хэллээ.
Зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, тус яамны Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-Эрдэнэ, Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг нар зочин илтгэгчээр оролцож байна. Шадар сайд С.Амарсайхан Ковид-19 цар тахлын хүнд үед иргэдийн аюулгүй байдлын төлөө тэргүүн эгнээнд ажиллаж, хүнд үеийг амжилттай даван туулахад мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид онцгой үүрэг гүйцэтгэснийг дурдаж, талархал илэрхийлээд цаашид мэргэжлийн хяналтын байгууллагын баримтлах бодлого, зорилтын талаар илтгэл тавьсан.
Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Зарим төрлийн төрийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төсөл өргөн барьсан. Гэвч хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд шууд хор хохирол учруулж болзошгүй зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх үүднээс эрүүл мэнд, зам барилга, дэд бүтэц, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын хяналтын чиглэлийн үйл ажиллагааг зогсоож болохгүй. Зөрчлийн шинж бага, хүний амь нас, эрүүл мэнд болоод байгальд шууд хор хохирол учруулахгүй тохиолдолд дэмжлэг, туслалцаа шаардлагатай хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд зөвлөн туслах замаар үйл ажиллагаагаа хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх нь чухал” гэлээ.
АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран “Техникийн туслалцааны хүрээнд чадавхийг хөгжүүлэх сургалт, зөвлөгөөнөөр КОВИД-19-ийн талаарх олон нийтийн мэдлэг, харилцааны стратегиар дамжуулан цар тахал, эрсдэлтэй харилцах олон улсын туршлага, халдваргүйжүүлэлт, тахлын үед бэлэн байдлыг хангах зэрэг цар тахалтай холбоотой сэдвээр сургалт семинарыг дэмжин ажиллаж байна” гэв.
Сургалт, зөвлөгөөн “Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид баримтлах бодлого – Төрийн хяналтын эрх зүйн орчин”, “Төрийн хяналтын эрх зүйн орчин – Цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээ” ерөнхий сэдвийн хүрээнд хоёр өдөр үргэлжилж байна.
Эх сурвалж: МХЕГ