Сансарт байгуулагдсан анхны улс Асгардын иргэн болох уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сансарт байгуулагдсан анхны улс Асгардын иргэн болох уу?

/2022.5.20/ Норвегийн домогт гардаг бурхдын хотын нэрнээс сэдэвлэн Асгард нэртэй сансрын улсын иргэн болох боломж хүн болгонд нээлттэй аж. ОХУ-н эрдэмтэн Игор Ашурбейли 2016 онд “Сансрын үндэстэн” гэх ойлголтыг санаачилж олон нийтэд анх зарлажээ.

Та энэ үндэстний холбоонд бүртгүүлэхэд 18-с дээш настай мөн цахим хаягтай байхад л хангалттай гэжээ. Тус үндэстний вэбсайт https://asgardia.space/en/ -д бүртгүүлж болох бөгөөд харин тус улсын иргэн болохын тулд тодорхой хэмжээний шимтгэл төлөх шаардлагатай.

Та Асгардын иргэн болсноор улс төрийн оролцоотой болох төдийгүй иргэний үнэмлэхтэй болж, зохион байгуулж буй бүхий л өдөрлөг, уулзалтуудад оролцох боломжтой аж. Мөн тус үндэстнийг санаачилсан Игор Ашурбейлигийн эрхлэн явуулдаг “Room” нэртэй Асгардын сансрын сэтгүүлд цахим хэлбэрээр бүрэн нэвтрэх эрхтэй болно.

Одоогийн байдлаар нэг сая гаруй хүн Асгард сансрын үндэстэнд нэгдсэн тоо бий. Тус үндэстэн нь блокчэйн технологид тулгуурласан Солар гэдэг үндэсний мөнгөн тэмдэгттэй, энэ нь евротой харьцах 1:1 харьцаатай гэжээ.

Жилд 13 сартай бөгөөд бүх сар ижил 28 хоногтой, илүү хоног нь жилийн хамгийн сүүлийн өдрүүдэд нэмэгддэг олон улсын тогтмол хуанлиг ашигладаг байна. Атомын цаг дээр тулгуурласан учир он тоолол нь ямар ч алдаа мадаггүй гэж үзжээ.

Асгард нь сансарт хүн төрөлхтний шинэ гэрийг барьж, бидний уугуул гариг Дэлхийг хамгаалахын тулд үндэстэн дамнасан, эрх тэгш, дэвшилтэт нийгэмд хүмүүсийг нэгтгэх зорилготой хэмээн зарласан бөгөөд үүнд

  • Сансарт төрсөн анхны хүн: Шинжлэх ухааны гол зорилго нь сансарт анхны төрөлтийг хийх түүнийг хөнгөвчлөх.
  • Дижитал үндэстэн: Шинжлэх ухааны зорилгодоо хүрч, ирээдүйн нийгмийг бий болгохын тулд тэд дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн, бүрэн эрхт бие даасан дижитал улсыг бий болгох.
  • Аюулгүй дэлхий ба сансар дахь амар амгалан: Асгард нь сансар огторгуйн хайгуулыг энх тайвнаар хангах, эх дэлхийгээ сансарын аюулаас хамгаалах, сансарын цэрэгжилтийг арилгахын тулд Сансарын шинэ хуулийг боловсруулахад чиглэнэ.

Ойрын эсвэл холын ирээдүйд гол зорилго нь сансарт хүн төрөлхтний соёл иргэншилт үндэстэнг бий болгох нь тус төслийн нэн тэргүүний зорилго гэж харж болохоор байна. 2017 онд хэрчим талхнаас томгүй хэмжээтэй Asgardia-1 хиймэл дагуулыг дэлхийн доод тойрог замд оруулж амжсан байна. Уг хиймэл дагуул нь 512 ГБ хэмжээтэй SSD хатуу диск бөгөөд үүн дотор тус үндэстний 18 мянган хүний гэр бүлийн зураг багтаж байгаа гэжээ.

Хэтдээ дэлхийн гадаргаас 150-300 км зайд хүн төрөлхтний колоныг байршуулахаар төлөвлөсөн талаараа ч мөн бичсэн байв. Хэдийгээр өөрсдийгөө сансрын үндэстэн гэж нэрлэж байгаа ч НҮБ эсвэл өөр ямар ч улс үндэстэн тэднийг хүлээн зөвшөөрөөгүй. Мөн тэднийг хүлээн зөвшөөрөхөд ч хэцүү.

Өнөөгийн ойлголтоор улс гэдэг ойлголт нь өөрийн газар нутагтай, төрийн бүтэцтэй, тогтмол оршин суугчидтай, мөн бусад улстай харилцах чадамжтай байх ёстой гэдэг үндсэн шаардлагатай байдаг учраас тэр юм. Мөн хамгийн чухал нь бусад улсууд тухайн улсыг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бүх нөхцлийг Асгард хангахад хэцүү. Ялангуяа дэлхий дээр газар нутаггүй үндэстний хувьд. Дэлхийгээс гадна мөн тусгаар тогтнол олох ялгаагүй хэцүү.

110 улсаас нэгдэж гаргасан сансар огторгуйн гэрээ гэж байдаг бөгөөд аливаа улс орон сансарт тусгаар тогтнолоо зарлахаас сэргийлдэг. Мөн аль нэг улс эсвэл компани сансрын хөлөг нисгэвэл тухайн улсын үүрэг болно гэж заасан байдаг. Жишээ нь: АНУ-н сансрын хөлөг өөр улсын хиймэл дагуулыг мөргөж гэмтээвэл бүх мөнгөн нэхэмжлэл үүрэг хариуцлага АНУ-д тохогдоно. Тэгэхээр Asgardia-1 хиймэл дагуул нь АНУ-с хөөрсөн учир АНУ-н үүрэг хариуцлага, хамааралтай болоод байна.

Тийм учир хэрвээ Асгард үндэстэн цааш цаашдын сансрын хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ гэвэл дэлхийд газар нутагтай болох эсвэл ядуу буурай оронтой хэлэлцээр хийж өөрсдийн нэр дээр хариуцлага хүлээж сансрын хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай аж.

Хэдийгээр арьс өнгө, нас хүйс, шашин шүтлэг, итгэл үнэмшлээс үл хамаарсан хүн болгонд нээлттэй сансрын үндэстэнг байгуулах нь сайхан гэгээлэг сонсогдовч дээр дурьдсан хуулийн, санхүүгийн мөн техник технологийн бүх асуудлуудыг давж гарах нь хэзээ ч биелшгүй мөрөөдөл, үл бүтэх утопи мэт байна. Магадгүй хэзээ нэг өдөр энэ бүх асуудлыг шийдэж давж гарч сансарын үндэстэн болж болох ч өнөөдөр бол сансарт нисэх хэрчим талхнаас ч томгүй дижитал үндэстэн төдий л юм.

Оросын 2,407 иргэн оршин суух зөвшөөрөл авчээ
Оросын 2,407 иргэн оршин суух зөвшөөрөл авчээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.