/2021.08.11/ Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын виз олгох журам”-ыг шинэчлэн баталж, наймдугаар сарын 16-наас шинэчилсэн журмыг мөрдөж эхлэхээр болжээ.
Энэхүү журам шинэчлэгдсэнээр Монгол Улсын визийн ангиллууд нэмэгдэж, дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх зорилгоор нийт 64 ангиллын виз олгохоор болж байна.
Ийнхүү визийн ангиллыг нарийвчилж, тодорхой болгосноор гадаадын иргэн Монгол Улсын виз авах хүсэлтээ үнэн, зөв мэдүүлэх, өөрийн зорилгодоо нийцсэн визээр зорчих боломж бүрдэх аж.
Мөн виз олгох байгууллагын бүрэн эрхэд зарим төрлийн өөрчлөлт орсон байна.
Тодруулбал, Гадаад харилцааны яамнаас олгож байсан B буюу бизнес ангиллын 30 хүртэлх хоногийн виз нь K1 болон өөрчлөгдөж, тус ангиллын визийг Гадаадын иргэн, харьяатын газар олгохоор болсон бол J буюу жуулчин ангиллын виз K2 болж өөрчлөгдөж байгаа ажээ.
Түүнчлэн Монгол Улсын визийг цахимаар олгох зохицуулалтыг шинээр тусгаж, эхний ээлжид жуулчин /K2/, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох, кино, контент бүтээх /K4/ болон дамжин өнгөрөх /K6/ визийн ангиллыг цахимаар авах боломжтой боллоо.
Тус цахим визийн мэдүүлгийг Гадаадын иргэн, харьяатын газар https://evisa.mn/main сайтаар хүлээн авч, гурав хүртэл хоногт багтаан шийдвэрлэх юм байна.
Үүний зэрэгцээ уг журмаар визийн зөвшөөрлийн хүчинтэй болон виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд дахин хүсэлт гаргах хугацаануудад өөрчлөлт оржээ.
Тодруулбал, Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлэн худал мэдүүлсэн тохиолдол визийн зөвшөөрөл олгохоос татгалзаж 30 хоногийн дараа дахин виз мэдүүлэх эрхтэй байсан бол 180 хоног болгон өөрчилсөн байна.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам