Honda компани цахилгаан хөдөлгүүртэй спорт болон пикап автомашин үйлдвэрлэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Honda компани цахилгаан хөдөлгүүртэй спорт болон пикап автомашин үйлдвэрлэнэ

How Honda Leads the Automotive Industry in Safety | Wilde East Towne Honda

/2022.04.29/: Бусад автомашин үйлдвэрлэгчидтэй харьцуулахад Honda компани цахилгаан автомашин үйлдвэрлэхдээ хойрго ханддаг онцлогтой билээ.

2021 оны сүүлчээр Формула 1 ангиллын уралдааныг орхисон шалтгаанаа тус компани цахилгаан автомашинд шилжиж байгаатай холбон тайлбарлаж байсан ч өдий болтол шинэ загвар танилцуулаагүй байсан юм.

Цахилгаан автомашин үйлдвэрлэхэд нэг их яардаггүй Toyota компани хүртэл саяхан бүрэн цахилгаан хөдөлгүүрт машины үйлдвэрлэлийн шинэ стратегиэ танилцуулж Honda-г ардаа орхих төлөвтэй болоод байсан боловч дөрөвдүгээр сарын 12-нд Honda-гийн удирдлагууд мэдэгдэл хийж, бүтцийн шинэчлэл, шинэ платформ, хөрөнгө оруулалтынхаа талаар танилцуулжээ. Төлөвлөгөө ёсоор тус компани 2030 он гэхэд дэлхий даяар цахилгаан автомашины 30 шинэ загвар нийлүүлэх ба судалгаа хөгжүүлэлтийн нийт хөрөнгө оруулалт нь 8 их наяд иен болж байгаа ажээ. Энэ нь өнөөгийн ханшаар 63 тэрбум ам.доллар юм.

Энэ шинэ загваруудаас автомашины хорхойтнуудын сонирхлыг хамгийн их татах зүйл нь хоёр шинэ спорт загвар юм. Мөн crossover болон пикап загваруудыг цахилгаан хөдөлгүүртэй үйлдвэрлэнэ. Компанийн мэдэгдсэнээр цахилгаан автомашины төлөвлөгөө нь хоёр үе шаттай ба эхний шат нь одооноос 2025 он хүртэл үргэлжлэх бол удаах үе шат нь 2025-2030 оны хооронд хэрэгжих юм. Яг одоогийн байдлаар Honda компани цахилгаан автомашин бөөнөөр үйлдвэрлэх боломжгүй байгаа бөгөөд хуучин загваруудад нь зориулсан үйлдвэрлэлийн платформоо бүрэн солиогүй байгаа нь үүнд нөлөөлж байна.

Honda E загвар нь тийм ч муугүй боловч үйлдвэрлэлийн хувьд яавч компанийн тэргүүлэх загвар байх боломжгүй гэж компанийн удирдлагууд үзжээ. Мөн тус компани 2040 оноос эхлүүлэн, АНУ-ын зах зээлд зөвхөн цахилгаан автомашин нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа боловч цахилгаан автомашины үйлдвэрлэл нь жигдэрч эхлээгүй байгаа нь асуудал дагуулж болзошгүй юм.

Гэхдээ одоогийн байдлаар Honda компанийн боловсруулсан шийдэл нь тун тодорхой байна. Honda нь хойд Америкийн зах зээл дээр Prologue нэртэй цахилгаан хөдөлгүүрт SUV нийлүүлэх ажил дээрээ General Motors-той хамтрах гэж байгаа бол удахгүй Acura брэндийн нэрээр үйлдвэрлэх цахилгаан SUV загваруудыг танилцуулах төлөвлөгөөтэй байна. Мөн цахилгаан автомашины батарей үйлдвэрлэх хамтарсан үйлдвэрийг General Motors-той хамт байгуулах гэж байгаагаа мөн мэдэгджээ. Харин энэ хугацаанд Японы зах зээлд шинэ загваруудаа танилцуулсаар байх юм. Тухайлбал, албан байгууллагын хэрэгцээнд болон хувь хүний хэрэгцээнд зориулсан бага оврын цахилгаан машинуудаас гадна мөн цахилгаан хөдөлгүүртэй SUV үйлдвэрлэж буюу нийлүүлэх юм.

Дээр дурдсан ажлууд нь 2025 он хүртэлх төлөвлөгөөнд багтсан бол түүнээс хойш Honda компани e:Architecture платформоо сайжруулахад анхаарна гэжээ. Уг платформ нь одоогоор 342 сая ам.долларын хөрөнгө оруулалт, судалгаа хийгдээд байгаа хатуу төлөвт батарейг ашиглан цахилгаан автомашин үйлдвэрлэх юм. Ингэснээр Honda компани 2030 он гэхэд жилдээ 2 сая цахилгаан автомашин үйлдвэрлэн гаргах нөхцөл бүрдэх ажээ.

Тэдний дэвшүүлж буй томоохон зорилтуудын нэг нь хямд үнэтэй цахилгаан автомашины үйлдвэрлэл бөгөөд энэ чиглэлээр АНУ-ын General Motors-той хамтарснаар 2027 он гэхэд АНУ-ын зах зээл дээр энгийн дотоод шаталтын хөдөлгүүрт машины үнээр цахилгаан автомашин нийлүүлэх амбицтай байгаа гэдгээ зарласан юм. Тиймээс бид Honda компаниас тансаг зэрэглэлийн SUV хүлээх шаардлагагүй болж байгаа гэсэн үг. Гэхдээ тус компанийн мэдэгдсэнчлэн, цахилгаан автомашины эрин үед ч “цоглог байдал”-аа хэвээр хадгална гэсэн нь компанийн нэрийн хуудас болсон спорт ангиллын цахилгаан автомашинууд үйлдвэрлэхээ хэлж байгаа бололтой.

Хэрэв та доорх зургийг сайтар ажиглавал баруун гар талаасаа хоёрт тус компанийн үйлдвэрлэхээр зорьж буй цахилгаан пикап машины дүрс байгааг олж харах болно. Цахилгаан хөдөлгүүртэй Ridgeline пикап эсвэл бүр цоо шинэ загвар ч байх магадлалтай бөгөөд бид 8 жилийн дараа энэ загвартай танилцах болов уу.

Эцэст нь дүгнээд хэлэхэд, Honda компани нийтдээ 8 их наяд иен буюу 63 тэрбум ам.долларыг судалгаа хөгжүүлэлтэнд зарцуулахаар шийдвэрлэсний 5 их наяд иен буюу 39,8 сая ам.доллар нь зөвхөн цахилгаан автомашины судалгаа, хөгжүүлэлтэнд зарцуулагдах ажээ. Тэд Mazda болон Toyota компаниудын нэгэн адилаар 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх зорилт дэвшүүлээд байгаа. Гэхдээ e:Architecture нэртэй цахилгаан батарейн томоохон төслийн хажуугаар Honda нь Toyota-гийн нэгэн адилаар устөрөгч хөдөлгүүр болон автомашины сольдог батарейн төслүүд дээр давхар ажилласаар байна. Мөн дээр дурдсан их хэмжээний санхүүжилтийн зарим хэсэг нь цахилгаан автомашины технологи судалж, хөгжүүлдэг өөр бусад компаниудын судалгааг санхүүжүүлэхэд ч зарцуулагдах мэдээтэй байгаа юм.

Эх сурвалж: thedrive

НҮБ-ын тэргүүн Аюулгүйн зөвлөл амжилтгүй ажилласныг хүлээн зөвшөөрлөө
НҮБ-ын тэргүүн Аюулгүйн зөвлөл амжилтгүй ажилласныг хүлээн зөвшөөрлөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.