Л.Энх-Амгалан: Жилд 300 цэцэрлэг барьж байж хүртээмжийн асуудал шийдэгдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Жилд 300 цэцэрлэг барьж байж хүртээмжийн асуудал шийдэгдэнэ

/2022.04.28/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байгаа юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Орон нутагт хийх хөрөнгө оруулалтаас хасаад нийслэлд 100 тэрбум төгрөг тавьсан. Үүгээр цэцэрлэгээ л барь л даа. Заавал хот хөдөөгийн ялгаа гаргаад хувийн хэвшлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулбал хувьсах зардал олгоно гэж болохгүй. Энэ цаашилбал Үндсэн хууль зөрчсөн асуудал болно шүү.

Яахлаараа орон нутагт байгаа хувийн хэвшлийн цэцэрлэгт хувьсах зардал өгөхгүй, Улаанбаатарт байгаа хувийн хэвшлийн цэцэрлэгт хувьсах зардал өгнө гэдэг юм бэ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Хөдөөний гишүүдийн тавьсан хөрөнгө оруулалтаас 100 тэрбумыг хасаад хотод байгаа хүүхдүүдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зориулалтаар мөнгө тавилаа гэсэн буруу ойлголтыг нийгэмд төрүүлж болохгүй. Цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэж чадвал давхар хотын түгжрэлийн асуудлыг шийдэх боломжтой. Өглөө оройны түгжрэлийн 30 хувь нь боловсролын салбар буюу цэцэрлэг, сургуулийн хүртээмжээс үүдэлтэй байна гэсэн судалгаа гарсан.

Улаанбаатарт байгаа 2-3 насны 38,500 хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй байна. Төрийн өмчийн цэцэрлэггүй 17 хороо байна. Хамран сургах тойрог дээрээ цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 500-аас дээш хүүхэд байна. Энэ асуудлыг төрийн өмчийн цэцэрлэгээр шийдэж чадахгүй. Хамгийн багадаа 300 цэцэрлэгийг нэг жил барьж байж энэ хэрэгцээг хангах нөхцөл байдал үүсчихсэн. Тиймээс цэцэрлэгийн хувилбарт сургалтуудыг бий болгох ёстой юм байна гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 69 мянган хүүхэд байна гээд байгаа. Үүний 32 мянга нь хөдөө байна. Энэ хүүхдүүд чинь хамаагүй юм уу. Наадах чинь Үндсэн хуулийн зөрчил болчихвий гэж л болгоомжлуулаад байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Үндсэн хуулийн зөрчил гэх нь ч юу юм. Судалгаа харж байж энэ шийдвэрүүд чинь гарч байгаа. Судалгаагүй гаргана гэж байхгүй.

Хөдөөний хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хувьсах зардал өгдөггүй гэж яриад байх юм. Өгч байгаа. 850 мянган төгрөг хувьсах зардалд өгч байгаа. Цэцэрлэгүүдийн дунд буруу мэдээлэл тараагаад, өдөөгөөд байх шаардлага байхгүй.

Сургуулийн орчинд хүүхдийн хүчирхийллийг эрт илрүүлэх талаар сургалт боллоо
Сургуулийн орчинд хүүхдийн хүчирхийллийг эрт илрүүлэх талаар сургалт боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.