/2022.04.25/: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл хамтран уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх “Түншлэлийн хөтөлбөр”-ийг танилцууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт хөтөлбөрт хамрагдахаар анхан шатны өргөдөл өгсөн болон сонирхож буй аж ахуйн нэгж байгууллагын 130 гаруй төлөөлөл оролцож, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Уулзалтын эхэнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Экспортыг дэмжих төсөл, ЖДҮГ-ын оролцоо, хамтын ажиллагаа, ач холбогдол, Түншлэлийн хөтөлбөрийн нэмэлт өөрчлөлт, шалгаруулах процесс, үнэлгээний хорооны талаар мэдээлэл хийв.
Жижиг, дунд үйлдвэрийн газар 2022 оноос Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлтэй Түншлэлийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт нэг буюу түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, нэг жилийн 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон мэдээлэл технологийн салбарын аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой.
Хөтөлбөрийг олон нийтэд нээлттэй зарласнаас хойш 80 гаруй аж ахуйн нэгжийн 9,1 тэрбум төгрөг хүссэн төслийг хүлээн авчээ.
Мөн энэ үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын газрын дарга С.Дүүрэнжаргал Оюуны өмч, патент, барааны тэмдэг, газар зүйн заалт, Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөн Түншлэлийн хөтөлбөрийн шинэ цонхны өнөөгийн нөхцөл байдлын талаар тус тус танилцууллаа. Хөтөлбөрт материалаа өгч тэнцсэн, санхүүгийн дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүд ч туршлагаасаа хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултуудад тодорхой хариулт өгч, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Сонирхсон аж ахуйн нэгжүүд Экспортыг дэмжих төслийн https://edp.mn/ цахим хуудас болон төслийн Бизнес хөгжлийн зөвлөхүүдтэй уулзаж, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Эх сурвалж: ХХААХҮЯ