/2022.04.25/: Украины хилийн ойролцоо орших ОХУ-ын Брянск хотод даваа гарагийн өглөө үүрээр хоёр түймэр гарсан тухай Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцгой байдлын албанаас иш татан мэдээллээ.
Нэг галын голомт газрын тосны агуулахад гарсан гэж байгаа бол хоёр дахь байршлыг нь мэдээлээгүй байна.
Мэдэгдэлд гал түймрийн шалтгааныг дурьдаагүй бөгөөд Украинтай холбоотой гэсэн тодорхой мэдээлэл байхгүй ч өмнө нь ОХУ Украиныг тухайн бүс нутагт агаарын цохилт өгсөн гэж буруутгаж байсан юм.
Ойролцоох оршин суугчид Оросын Риа агентлагт хоёр ч дэлбэрэлтийн чимээ сонссон гэж мэдэгджээ. Тэд мөн тухайн үед хотын дээгүүр нисдэг тэрэг нисч байгааг хараагүй гэжээ.
Хотод хоёр том түймэр гарч байгааг харуулсан видео бичлэгүүд олон нийтийн сүлжээнд гарсаар байгаа ч яг энэхүү дэлбэрэлтийг бичлэг мөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: ВВС