/2021.08.09/ Энэ жил нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг 100 хувь цахимаар хийхээр болсон билээ.
Тэгвэл эцэг эхчүүд parent.edu.mn хаягаар орж бүртгүүлэх юм байна. Элсэлтийн бүртгэл энэ сарын 16-нд нээгдэж 25-ны 17 цагт хаагдах аж.
Энэ талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Өмнө нь эцэг, эхчүүд өөрсдөө мэдээллээ оруулж, бүртгүүлдэг байсан. Харин одоо тухайн харьяа боловсролын газрын дарга нар эрхийнхээ хүрээнд улсын бүртгэлийн мэдээллийн системээс зургаан настнуудын мэдээллийг авч, хамран сургах тойргийн хүрээнд харьяа сургуульд нь хуваарилж байгаа.
Наймдугаар сарын 8-наас есдүгээр сарын 4-ний өдрүүдэд хамран сурах тойргийг тогтоох ажлыг хийж байгаа. Аймаг нийслэлийн боловсролын газрууд бүх бүртгэлээ цахим системд оруулна. Тэгээд сургуулиуд руугаа бүх зургаан настай хүүхдүүдээ хуваарилна. Сургууль нь элсэлтийн урьдчилсан бүртгэлээ баталгаажуулна. Бүх бүртгэл дууссаны дараа наймдугаар сарын 16-ны 9.00 цагт элсэгчдийн бүртгэл www.parent.edu.mn системд нээлттэй болно. Эцэг эхчүүд тухайн систем рүү орж, хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах алхмыг л хийнэ. “Танай хүүхэд энэ сургуульд сурах боломжтой байна. Та зөвшөөрч байна уу” гэсэн асуултуудад хариулж хүүхдээ бүртгүүлнэ.
Мөн тэрбээр, "Бүртгэл хаагдсаны дараа нэгдүгээр ангид хэчнээн хүүхэд авч байгаагаас анги хуваарилалтаа хийнэ гэсэн үг. Эцэг эхчүүд утасны дугаараа бүртгүүлснээр мэдээлэл очих болно. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд сургууль дээр элсэлтийн комисст хандаж болно" гэлээ.
Танхимаар хичээллэхтэй холбоотойгоор сурагчдыг зай барих, хичээлийн тоог бууруулах, анги танхимийг халдваргүйжүүлэх зэрэг заавар зөвлөмжийг дагаж мөрдөнө.
Мөн эрүүл мэндийн байгууллагынхан мэдээлэл өгнө. Үүнээс гадна УОК, АОК эсрдэлийн үнэлгээг хийж халдвар бүртгэгдсэн тохиолдолд уян хатан зохицуулалтыг хийгээд явна гэв.