/2021.08.09/ Хүннүгийн язгууртны булш, оршуулга бүхий томоохон дурсгалыг малтан судалж, онцлог, он цагийн хамаарлыг тогтоон, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Төслийн судалгааны ажил 70 хувьтай байгаа аж. Хүннүгийн язгууртны булш, оршуулга бүхий томоохон дурсгалт газар нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэр Бэлхийн амны эхэнд оршдог юм.
Унгарын хамтарсан судалгааны хүрээнд Н.Сэр-Оджав, Т.Хорват нарын удирдлага дор язгууртны булшны гурван дагуул булшинд малтлага, судалгаа хийж, морины тоног хэрэгсэл, зэр зэвсгийн үлдэгдэл, хүний ясны хэсгүүдийг олж илрүүлжээ.
Өнөөг хүртэл уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага, судалгааны ажил хийгдээгүй байсан аж.
Тус судалгааны баг дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолтыг хийж, язгууртны зургаан булш, дагуул дөрвөн булшны дэвсгэр зургийг хийж байгаа юм байна.
Судалгааны үр дүнд одоогийн байдлаар баруун урагш чиглэсэн дөрвөн метр урт үүдэвчтэй, 6.5х5 метр хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн оршуулгын нүх, 3.5 метр гүнд язгууртны хэрэглэж байсан тэрэгний эд ангиуд болох хүрэл тоноглолын хэсгүүдийг илрүүлжээ. Цаашид хамгийн том хэмжээтэй булшийг ил үзмэр болгохоор төлөвлөж байгаа бөгөөд уг булшны гаднах нүсэр бүтэцтэй чулуун хүрээний баруун урд хэсгийг цэвэрлэж байна.
Малтлага судалгааны үр дүнд Туул голын саваар нутаглаж асан Хүннүгийн язгууртан, ихэс дээдсийн талаарх олон талт мэдээлэл өгөхүйц олдвор хэрэглэгдэхүүн, он цаг тогтоох материал илэрч байгаа юм.
Эх сурвалж: Улаанбаатар.мн