/2021.08.09/: Автомашин бол энгийн тээврийн хэрэгсэл байхаа больж автомат жолоочтой, ухаалаг кабин гэх мэт олон чиг үүрэгтэй дэвшилтэт тээврийн хэрэгсэл болсноор энэ салбарт өндөр технологийн мэргэжилтнүүдийн эрэлт асар ихээр нэмэгдэх болжээ.
Өнөө цагт үйлдвэрлэгдэж байгаа автомашинууд нь машины дотор болон гадна талд болж буй бүх зүйлийг хянадаг олон төрлийн мэдрэгч бүхий хянах самбартай бөгөөд жижиг оврын компьютеруудын тусламжтайгаар шийдвэр гаргах боломжийг олгодог болсон байна.
26 настай Шон Чен Германы Карлсруэ технологийн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалснаасаа хойш автомашины системийг бүхэлд нь зохион бүтээх, програмчлах ажлыг хийж байгаа ажээ. Тэрээр оюутан байхдаа автомашины механик мэргэжлээр суралцаж байсан ба автомашины ухаалаг хэрэглээ, шинэ технологи нь түүний сонирхолыг илүү их татан судлах болсон байна.
SenseTime-ийн демо платформын инженер Чен хэлэхдээ "Царт тахлын улмаас өнгөрсөн жил ажил хайгчид хүнд байсан. Гэхдээ автомат жолоодлого, ухаалаг тээврийн хэрэгслийн талаар сурч мэдсэн хүмүүсийн хувьд энэ нь хялбар байсан. Би хөл хорионы дэглэмийн хугацаанд SenseTime-д ажилд орох өргөдөл гаргасан ба долоо хоногийн дараа ярилцлаганд орох санал авсан. Үнэндээ би гурван компанид хандаж, хоёроос санал авсан" гэж Чэн хэлэв.
Чэн удахгүй үйлдвэрлэлд нэвтрэх хэд хэдэн томоохон төслүүд дээр ажилласан бөгөөд тэрээр SenseTime-ийн ухаалаг автомашины системийн 500 орчим ажилтнуудын нэг юм.
Таван жилийн турш тээврийн хэрэгслийн хиймэл оюун ухааны хэрэглээний програм дээр ажиллаж байсан Хятадын технологийн компани өнгөрсөн сард автомашины ухаалаг шийдэлд зориулагдсан шинэ брэндийг худалдаанд гаргажээ. SenseTime компанийн дэд ерөнхийлөгч Питер Сю "Энэ нь автомашины механик болон хиймэл оюун ухааны аль алиныг нь мэддэг Чен шиг иж бүрэн бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ ихэссэн ба ухаалаг автомашины үйлдвэрлэл маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд авьяас чадвартай мэргэжилтнүүд дутагдаж байна" гэж хэлжээ.
Хятадын шинэ эрчим хүчний автомашин үйлдвэрлэгч NIO нь энэ жил 2000 гаруй шинэхэн төгсөгчдийг ажилд авахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн жилийнхээс 4-5 дахин их ба судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэл, борлуулалт, үйлчлүүлэгчийн үйлчилгээ зэрэг чиглэлээр ажилд авахаар төлөвлөж байна.
Мөн сайн мэргэжилтнүүдийг олсон даруйдаа алдахгүйн тулд бүх ажилтнууддаа компанийнхаа хувьцаа эзэмших эрх олгож байгаа аж.
"Судалгааны ажил ихсэх тусам энэ салбарт нэгдэх мэргэжилтнүүдийн олноор ажилд авах хүний нөөцийн бодлого баримтлан бие даасан жолоодлогын системийн судалгаа, хөгжүүлэлт, ухаалаг бүхээгийн дизайныг гаргах ажлын хэрэгцээ өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өссөн ба хиймэл оюун ухааны алгоритм, бие даасан жолоодлогын чиглэлээр мэргэшсэн инженер нь эрэлт хэрэгцээтэй албан тушаал болсноор их, дээд сургуулиуд шинэ эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг идэвхтэй бэлтгэж эхэлж байна.
Шанхай Жяо Тонг их сургуулийн Ухаалаг тээврийн хэрэгслийн хүрээлэнгийн дэд захирал Хуанг Хунчен хэлэхдээ, энэ салбарт ажиллах чадвартай мэргэжилтэн асар их байгаа бөгөөд бие даасан жолоодлогын чиглэлээр мэргэшсэн оюутнуудад жилд дунджаар 200,000 юань (30,944 доллар) цалинтай 3-4 ажлын санал ирж байгаа гэв.
"Санхүүгийн урамшууллаас гадна ажлын орчин мөн автомашин үйлдвэрлэгч компаниудын тогтвортой байдал чухал" гэж Хуанг хэлэв.
Эх сурвалж: https://news.cgtn.com/news