Залуучууд үнийн өсөлт, тэгш бус байдлыг эсэргүүцэн дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс буюу пүрэв гарагаас эхлэн төв талбай дээр өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо хүргэн жагссан билээ.
Ямар ч зохион байгуулалтгүй, хэн ч хэдэн ч төгрөг зарцуулаагүй, улстөрчид бүү хэл инфлүнзерүүдийг ч "багтаагаагүй" энэ жагсаал олон хүнд хатуухан дохио боллоо.
"ХҮҮХДҮҮД НАСАНД ХҮРСНЭЭР БАРАХГҮЙ, ЖАГСААЛ ХИЙДЭГ БОЛЧИХОЖ!!!"
Эрх баригчид айн мэгдэв. Үндэсний аюулгүйн байдлын зөвлөл хуралдав. МАН-ын бүлэг хуралдав. Цагдаагийн ерөнхий газар мэдээлэл хийж, УИХ болон МУ-ын Засгийн засгийн газраас ажлын хэсэг байгуулж, зарим шийдвэрийг гаргаж эхлэв.
Жагсаал өрдсөн гал:
Валютын төгрөгтэй харьцах ханш 3000 төгрөг давж, банкууд хязгаарлалт тогтоон, аптекуудад эмнүүд тасарч, аж ахуйн нэгжүүд бараагаа хилийн гаднаас татан авч чадахгүй болж, өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж иргэд галзуурахад ганц хуруу дутуу байна.
Яг энэ үед дараах хоёр хүн ёстой л гал дээр тос нэмсэн юм.
УИХ-ын дарга Г.Зндштр "Хэмнэж амьдарцгаа!" хэмээсэн нь хэмнэх ч боломжгүй болсон иргэдэд доромжлол болов.
УИХ-ын гишүүн Н.Учрал "НӨАТ-ын буцаан олголтоороо амьдраад байгаа юм уу, та нар?" гэж илтэд басамжлав. Улиралд нэг удаа олгодог НӨАТ-ын буцаан олголтоор амьдрахын тулд сард 75 сая төгрөгийн худалдан авалт хийж 1,5 сая төгрөгийн буцаан олголт авах юм.
Энэ хоёр бол жагсаалыг өрдсөн гол эзэд.
Үүний зэрэгцээ Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ үндэсний баатар аварч байгаа мэтээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг "Ажлаа хийж байгаа, би хамгаална" хэмээн уурсав.
Ядаж байхад хэдэн өдөр дараалсан урьдчилсан хэлэлцүүлэгтэй, Төрийн ордны хойморт заларсан костюмтай дарга нарын хэзээ ч дуусдаггүй тансаг хурал үргэлжилсээр байлаа. Энэ бүхэн иргэдийн дургүйг хүргэсэн.
Бухимдсан залуус талбайд цуглав.
Ямар ч нам улстөрийн хүчний зохион байгуулалт энд байсангүй. Бичгийн цаасан дээр хэлэх үгээ бичсэн байлаа. Гэхдээ тэр үгс "их сонин".
Залуусын өдөр тутмын хэрэглээ болсон, орчин цагийн үг хэллэг, зарим дээр нь бүр хараалын үг ч биччихсэн харагдав. Жагсагчид дараах шаардлагыг 18 цагийн үед төрийн ордны гадна гарч мэдээлэл өгсөн Хууль зүйн сайд Х.Нямбаатарт гардуулсан юм.
- Үнийн өсөлт дээр ЗГ-ын зүгээс арга хэмжээ авах
- Цалин нэмэх
- Татварыг хэмжээ, хязгаартайгаар нэмэх
- Зөрчлийн хуулиа өөрчлөх
- Цэцэрлэгийн сугалааг болиулах
- УИХ-ын гишүүн болон иргэд хоорондоо хуулийн хүрээнд эрх тэгш байх
- Эрүүгийн хуулийн 22.1-ийн авлига албан тушаалын хэрэгт оногдуулж буй ял шийтгэлийн бодлогыг өөрчлөх
Жагсагчид ордныг горойлон алхаж байлаа. Ажлын цаг дуусмагц жагсаалд оролцох хүний тоо улам нэмэгдэж, үдшийн 22 цагт тун олуулаа болсон байв.
Оройн 23 цагт Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийж иргэдийг болгоомжтой байхыг сануулсныг энд дурьдах нь зүйтэй.
Жагсагчдаас үүрийн 04 цагт цагдаа нар баривчлан саатуулсан гэж ЦЕГ-аас мэдээлсэн. Энэ нь маргаашийн жагсаалд илүү олуулаа болох галыг өрдсөн юм.
Жагсаалын 2 дахь өдрийн өглөөний 09:30 цаг.
Жагсаалын маргааш Цагдаагийн ерөнхий газраас залуусыг саатуулсан талаараа мэдээлэл өгөв. Мэдээлэл тун зөрүүтэй. Тухайлбал, 20 хүнийг саатуулсан, тэдний 19 нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул Эрүүлжүүлэх байранд хонуулсан гэх. Гэсэн атлаа саатуулсан иргэдийн дунд 5 хүүхэд байсныг гэрт нь хариулсан, дахиад 14 нь эмэгтэй байсан гэв. Үлдсэн ганц хүн гэж ярих ёстой байтал "Саатуулсан иргэдийг" хэмээн олон тоон дээр ярьж байлаа.
Мөн "Баривчлах үедээ цагдаад өшиглүүлсэн иргэний биеийн байдал ямар байна" гэхэд "Манай цагдаа нараас олон нь гэмтсэн" хэмээв. Удалгүй гэмтсэн цагдаа нарын зураг сошиалаар хөвөрч эхэлсэн.
Яг энэ мэдээллээс хойш талбай дээрх жагсагчдын тоо эрс нэмэгдэв.
Тиймээс сандарсан Засгийн газрын тэргүүн Соёлын төв өргөөнд жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзахаар боллоо. Жагсагч залуус Соёлын төв өргөө рүү орж, индэр дээр суусан Ерөнхий сайдын үгийг сонсож сууна гэх бодлыг тээж "чадсан" нь сэтгүүлчид болон Засгийн газрын төлөөлөл байв.
Гэтэл өнөөх жагсагчид Ерөнхий сайдынХАА үгийг сонсохоор Соёлын төв өргөө рүү орсонгүй!!!
Тиймээс Л.Оюун-Эрдэнэ талбай дээр гарч зогсов. Тэрээр "Баярлалаа" гэв, залуус бүүлэв /boo хэмээн дургүйцлээ илэрхийлсэн дуу авиа/. Тэрээр "Уучлаарай" гэв, залуус бүүлэв. Тэрээр "Хамтдаа шийдье" гэв, залуус бүүлэв. Гайхмаар!
Хэн ч тэр жагсаалыг зохион байгуулаагүй тул Ерөнхий сайдтай жагсагчдыг төлөөлөн очиж уулзах хүн олдсонгүй. Хаанаас ч юм гарч ирсэн хэсэг нөхөд "Хар машин эсэргүүцэж байна" ч гэх шиг, жагсагч залуусын бодоо ч үгүй сэдвийг ярин ээлжлэн микрофон дээр бахирсаар байв. Харин жагсагч залуус суусаар л байлаа.
Нэгэнт уулзах хүн олдоогүй тул Ерөнхий сайд "Та бүхэн зохион байгуулалтад ороод, шаардлагаа нэгтгэчихээрэй" гэж хэлээд шуурхай хуралдаан хийхээр явлаа.
Талбай дээр фэйсбүүк LIVE-раа "алдартай" Д.Мөнх-Эрдэнэ ирэв. Жагсаалын хамгийн захад зогсож байсан залуус түүнийг хөөж явуулав. "Хөгжлийн банкны өрөө төл" хэмээн бас хэсэг настай хүмүүс гарч ирэн орилолдов. Залуус тэднийг "Дуугүй суу л даа" гээд нам болгов. Өөр олон инфлүнзер, намын төлөөлөгчид очсон ч залуус тэднийг ҮЛ ТООВ.
Намуудын атаархал төрсөн биз. Нэг ч төгрөгийн зардал гаргахгүйгээр ийм олон хүн талбай дээр оччихно гэж бас байх аа! Ингэж бодоод "Энэ жагсаалын ард би байсан" гэж цээжээ дэлдэн бахирмаар байгаа. Гэхдээ айж байгаа. ХҮҮХДҮҮД ТОМ БОЛЧИХСОН ШҮҮ ДЭЭ.
Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, шуурхай хуралдаан зохион байгууллаа. УИХ ажлын хэсэг байгуулав.
Ерөнхий сайд дахин талбайд гарч шийдвэрүүдээ танилцууллаа.
ЗАСГИЙН ГАЗАР ЯМАР ШИЙДВЭР ГАРГАВ?
МУ-ын Засгийн газар тусгай хэмнэлтийн горимд шилжиж байна гэж Ерөнхий сайд мэдээллээ. Ингээд дараах амлалтыг өгөв.
- Иргэдийг сулласан. Хэрэв худлаа байвал холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно.
- Өчигдрийн жагсаалтай холбогдсон иргэдэд ямар ч хариуцлага тооцохгүй.
- Өгсөн шаардлагын дагуу хамгийн богино хугацаанд арга хэмжээ авна. Үүнд иргэдийн зүгээс ажлын хэсэг гаргаад хамтран ажиллаж болно.
- Яг өнөөдрийн жагсаалаас гарсан шаардлагын төлөө Засгийн газар хуралдана. Үүнд иргэдийн төлөөллийг оролцуулна.
- Авлигын эсрэг тууштай тэмцэнэ. Асуудал гарвал бодитойгоор мэдэгдэнэ, худлаа ярихгүй.
- Авлигатай холбоотой ялын бодлогыг чангатгах асуудлыг дөрөвдүгээр сарын 13-нд Засгийн газрын хурлаар оруулан УИХ-д өргөн барина.
- УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас шалгадаг болгох хуулийн заалтыг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн бүрэлдэхүүнд оруулж өгнө.
- 30 жилийн авлига хүнд суртлын гинжийг таслахын төлөө өөрийнхөө бүхий л амьдралыг зориулна гэдгээ тангараглаж байна.
- Засгийн газар үнийн хөөрөгдлийг барихын тулд хууль санаачлан батлагдвал үнийг тодорхой хэмжээнд барих мөнгөний бодлого хийнэ.
УИХ ЯМАР ШИЙДВЭР ГАРГАВ?
УИХ-ын дарга Г.Занданшатар "Маргаашаас УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод "570, 200″ унахгүй. Төрийн хэмнэлтийг манлайлан ажилла" гэжээ. Ажлын хэсгийн хуралдаанаас:
- 2022 оны төсвийг хэмнэлтийг горимд шилжүүлэх, шаардлагатай бол 2022 оны төсөвт тодотгол хийх;
- Төрийн бүх шатны байгууллагуудад хэмнэлтийн горимыг мөрдүүлж, зардлыг 10-аас доошгүй хувиар хэмнэх, бүтэц, чиг үүргийг хянаж, давхардлыг арилгах, удирдлагын орон тоо, зардлыг бууруулах;
- Тансаг хэрэглээний болон бүх төрлийн архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, хэрэгжүүлэх;
- Том оврын машин орон нутгийн томилолтоос бусад үед унахгүй байх
- 2022, 2023 тавилга, машин, бүх хэрэглээний зардлыг танах
- Үндэсний аудитын газар төрийн өмчийн ААН-үүдийг Шилэн дансаар хянах, шаардлага хүргэх
- Төрийн албан зөвлөл илүүдэл орон тоог танаж, хэмнэх
- Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх гэсэн шийдвэр гаргажээ.
ЦААШИД ЯАХ БОЛ?
Жагсаал бүхэлдээ "Ажлаа хий" гэдэг шаардлагыг тавьсан. Ажлаа хийхгүй бол яах вэ? Залуус гарч жагсах болов уу?
Юутай ч хоёр өдрийн жагсаал улстөрчдөд 2024 оны сонгуулиар хэнд хандах ёстойг "зааж өглөө". Цаг үе өөрчлөгдөж, өөрчлөлтийн салхи хүчтэй шуурах нөхцөл бүрдсэнийг санууллаа.
ХҮҮХДҮҮД ТОМ БОЛДОГ ЮМ БАЙНА ШҮҮ, Монгол Улсын хүүхдэд ээлгүй УДИРДАГЧИД АА!