Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Гарц шийдлүүдийг тодорхойлоход өнөөдрийн чуулганы үндсэн зорилго оршиж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Гарц шийдлүүдийг тодорхойлоход өнөөдрийн чуулганы үндсэн зорилго оршиж байна

/2022.04.07/ "Монголын эдийн засгийн чуулган-2022"-ыг нээж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нээлтийн мэндчилгээг ЕТГ-ын дарга Я.Содбаатар уншиж танилцуулсныг хүргэж байна. Мэндчилгээнд,

"Хүн төрөлхтөн хүндхэн бэрхшээлтэй нүүр тулж буй энэ цаг үед Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөгөө нарийвчлан тодорхойлох зорилгоор зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулганд оролцож буй та бүхэнд чинь сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Гурван жил завсарласны эцэст цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд дэлхий даяараа анхаарч буй энэ цаг үед Монголын эдийн засгийн чуулган зохион байгуулагдаж байгаа нь ихээхэн ач холбогдолтой. Өнгөрсөн намар Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлт, төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн зөвлөлдөх уулзалтаар иргэд, хувийн хэвшлийнхний санал зөвлөмжийг төр засаг түлхүү сонсож, тодорхой бодлого чиглэлүүдийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Харин энэ удаагийн эдийн засгийн чуулганаар эдийн засагт үүсээд буй шинэ сорилтуудыг хэрхэн даван туулах, Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого болон бусад цаг үеийн асуудлаар тодорхой санал солилцох, гарц шийдлүүдийг тодорхойлоход өнөөдрийн чуулганы үндсэн зорилго оршиж байна.

Цар тахлын нөлөөний улмаас дэлхийн эдийн засаг 2020 онд 3.5 хувиар агшиж, дэлхийн II дайнаас хойших хамгийн хүнд цохилтыг авсан. Мөн олон улсын хэмжээнд инфляцын түвшин 2008 оны хямралаас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ. Бусад улсын адил Монгол Улсын эдийн засаг цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил ихээхэн хүндрэл амссан ч төр засгийн зүгээс багагүй хэмжээний төсөв мөнгө зарцуулж, иргэд, хувийн хэвшилтэй хамтран ажилласны үр дүнд сэргэлт ажиглагдсан.

Хэдийгээр 2022 онд гарсаар дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоотой уялдан Монголд цар тахлын давлагаа намжсан ч, бүс нутгийн орнуудад цар тахлын давлагаа үргэлжилж, мөн геополитикийн хурцадмал байдал өрнөж, дэлхий нийтийг хамарсан тээвэр ложистикийн хүндрэл, бараа үйлчилгээний үнийн өсөлт зэрэг нь Монголын эдийн засгийн сэргэлтэд нөлөөлж байна.

Гадаад орчны хүндхэн эрсдэлүүд тулгарч байгаа ч дотооддоо үнийн өсөлтийг хязгаарлах, иргэдийн бодит орлогыг хамгаалах, хил боомтын нэвтрэн өнгөрөх чадавхийг сайжруулах, экспортыг богино хугацаанд сэргээх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хэлбэлзлийг тогтворжуулах, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд онцгой анхаарч, бодит үр дүн гаргах шаардлагатай байна.

Мөн богино хугацаанд гол нэрийн бараа үйлчилгээний үнэ болон нийлүүлэлтийн тогтвортой байдал ялангуяа хүнс, шатахууны найдвартай байдлыг хангах чиглэлд төр засгийн зүгээс хувийн хэвшилтэй хамтран ажиллах, шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Дэлхий нийтийн төдийгүй монголчууд бидний өмнө тулгараад буй энэ хүнд цаг үеийг хамтын хүчээр даван туулах учиртай. Тиймээс тулгамдсан олон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд төр, хэвийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал юм.

Мөн эдийн засгийн онцгой нөхцөл байдал, суурь шалтгааны талаарх мэдээллийг иргэд олон нийт, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад шуурхай өгч, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх зөв хүлээлтийг бий болгох нь болзошгүй эрсдэлээс хамгаалах чухал үүрэгтэй. Цаашлаад ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүн суртал, дарамт шаталтаас халж, сахилга бат, харилцан уялдаатай, түргэн шуурхай ажиллах нэн хариуцлагатай үе ирж байгааг сануулмаар байна.

Цар тахал, олон улсын геополитикийн асуудал Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа нэн яаралтай эрс сайжруулахыг тод санууллаа. Энэ хүрээнд Засгийн газраас шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлээд байна" гэжээ.

Шадар сайд С.Амарсайхан: Шинэ боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ
Шадар сайд С.Амарсайхан: Шинэ боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.