/2022.04.06/ УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан болж байна.
Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг яаралтай горимоор хэлэлцэж байна.
Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Монгол Улс хоригийн хоригт орчхоод байна. Хоёр хөршийн маань нэг нь цар тахлын хүнд нөхцөл байдалтай. Өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна. Нөгөө нь Украин улстай зэвсэгт мөргөлдөөнтэй байна.
Агаарын хил ч бай, хуурай замын хил ч бай хоёр хөршөөс маань шууд хамааралтай. Өөр замаар бараа татан авах зам байхгүй. Агаарын тээвэр өндөр үнэтэй. Бид ийм хүнд нөхцөл байдалд орчхоод байна.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа дэлхийн улс орнууд эдийн засгийн хүнд сорилттой нүүр тулж байх шиг байна. Манай улсын хувьд түдгэлзсэн байр суурьтай байгаа нь ч гэсэн энэ амаргүй нөхцөл байдалд улс орны бүрэн бүтэн байдлаа хэрхэн хамгаалж, тусгаар тогтнолоо авч үлдэх вэ гэдгийг бодох хэрэгтэй.
Хилийн чанадад үнэ нэмэгдвэл инфляц "урсаад" л ороод ирнэ гэсэн үг. Гааль дундуур нь орж хөнгөлөлт хийж чадна гэж байх биш. Ийм л амаргүй нөхцөл байдалд байна. Тийм учраас энэ нөхцөлд ЗГ маш тодорхой байр суурьтай байх ёстой. Зэвсэгт мөргөлдөөн болж байгаа энэ цаг үед Монгол Улс амаргүй сорилттой тулгарах нь бодитой учраас энийг цаг алдалгүй ярих нь зүйтэй гэж үзсэн. Бидэнд зэвсэгт мөргөлдөөнөөс гарах хор урши гмэдрэгдэж эхлээгүй ч байж магадгүй.