Тагнуулын байгууллагаас шалгуулж буй зарим хэргийн талаар товч мэдээлэл өглөө. Мэдээллийн зорилго нь “Иргэдийг сэрэмжлүүлэх” гэлээ. Мөн "Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа хэргийнхээ талаар мэдээлэл өгөөч гэх хүсэлтийг удаа дараа тавьж буй учир энэхүү мэдээллийг хийж байна" гэв.
Тагнуулын ерөнхий газраас:
Үндсэн хуульд зааснаар иргэд итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал хийх эрхтэй гэж заасан.
Тэгвэл энэхүү эдлэх эрхийнхээ хүрээнд иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд амь насанд халдаж, үймээн самуун, өдөөн хатгалгад турхирах зорилготой, зохион байгуулалтад орсон этгээдүүдийг шалгаж байна.
Тодруулбал, экстримист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан нэр бүхий 5 иргэнийг саатуулсан ба мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Энэ этгээдүүд экстримист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд бэлтгэж байсан бөгөөд, тухайн этгээдүүдийн тээврийн хэрэгсэл, орон гэр, ажлын байранд хийсэн үзлэг нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, зэвсгийн чанартай эд зүйлс илэрсэн.
Үзлэгийн явцад 12 галт зэвсэг илэрчээ. Байлдааны болон бусад сум 861 ширхэг, тэсэрч дэлбэрэх зүйл илэрснийг хураан авсан. АК47 маркийн серийг зориудаар арилгасан автомат буу 1 ширхэг, гар буунууд, бүртгэлгүй галт зэвсэг 5 тус тус байлаа.
Дээрх этгээдүүд зарим нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн. Мөн хэргийн нэг холбогдогч дээрх хууль бус ажиллагаанд ашиглахаар хадгалж байсан гар буугаараа нэгнийгээ буудан хүнд гэмтэл учруулсан бөгөөд тухайн үйлдэлд нь мөн хэргийг шалгаж байгаа.
Иймд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхээр хийж буй тайван жагсаалын үеэр зэвсэг хэрэглэх, нийтийг хамарсан замбараагүй байдал үүсгэх, санаа зорилго бүхий бүлэг этгээд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд та бүхэн жагсаалд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, бусдын өдөөн хатгалгад өртөхгүй байхыг ТЕГ-аас сэрэмжлүүлж байна.
Дээрх мэдээллийг ТЕГ-аас өглөө.