/2022.04.06/: Буча хотын захирагч BBC-д хэлэхдээ, Оросын цэргүүд хотыг эзлэх үеэр 320 орчим энгийн иргэнийг буудан хөнөөсөн байна.
Анатолий Федорук "Өнөө оройн үг" нэвтрүүлэгт оролцохдоо Москвагийн хүчнийхэн хэд хэдэн хүнийг цаазалж буйг өөрийн биеэр харсан гэжээ.
"Би хэд хэдэн үйл явдлыг нүдээрээ харсан" гэж Федорук хэлэв. "Бучагаас гурван хүнтэй машин Киев рүү зугтах гэж байгаад харгис хэрцгийгээр буудуулсан. Нөхөр нь түүнийг битгий буудаач гэж хашгирч байхад цэргүүд жирэмсэн эмэгтэй байсан ч зүгээр л зэрлэгээр буудсан" гэлээ.
Федорук мөн Оросын зэвсэгт хүчин хотыг эзлэн авахдаа улс төрчдийг агнаж байсан гэж мэдэгджээ.
Тэрээр Москвагийн цэргүүд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээллийг үгүйсгэж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг "Буча хотод ирж, амь үрэгдэгсдийн цогцсыг харж, өнчирч хоцорсон хүүхдүүд, тэдний гэр бүл, ээжүүд, нөхрүүдийн нүд рүү харах хэрэгтэй" гэлээ.
Эх сурвалж: ВВС