/2022.04.05/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-МУ-ын шар түвшинд шилжиж, цар тахлын хуулийг бүрэн цуцалснаас хойш 10 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр манай хөрш ОХУ болон Украин улсын хооронд хурцадмал нөхцөл байдал үүсэж дэлхийн улс орнуудын геополиток, нийгэм, эдийн засагт нэн хурцадмал нөхцөл байдал бий боллоо.
Энэ нөхцөл байдалд одоогийн байдлаар эдийн засгийн 8,064 хориг арга хэмжээ үйлчилж байна. Дээрх арга хэмжээнээс улбаалж улс орнуудын эдийн засагт хүчтэй цохилт өгч шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомдол үүслээ. Дэлхийн банк, санхүүгийн байгууллагын тооцоогоор ОУ-ын түвшинд шатахууны үнэ дунджаар 64-70 хүртэл хувиар, улаанбуудайны үнэ 45-50 гаруй хувиар өссөн гэсэн мэдээлэл байна.
Түүнчлэн цаашид махны үнэ өсөх нөхцөл байдал үүсээд байна. Судлаачдын мэдээлж буйгаар дэлхий даяар 8-13 орчим сая хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ гэсэн тооцоо гарсан байна.
Үүнтэй холбогдуулан МУ-ын ЗГ-аас гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдолтой холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байна гэлээ.