/2022.04.04/: Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 17 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 70.1 хувьтай байжээ.
Тухайлбал, Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Энэ жилийн хувьд 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 26 байршилд 639 гарааш буулгаж, 9873 мкв талбайг чөлөөлжээ.
Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Эрх шилжүүлсэн болон захиалагчийн хяналт тавьж байгаа байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд салбар бүрд шаардлагатай байгаа бараа, материал, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын нэртэй нь хамт гаргаж, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлж, тус газраас жагсаалтыг нэгтгэн, танилцуулах.
- Нийслэлийн хэмжээнд соёл, урлаг, спорт, аялал жуучлалын арга хэмжээ болон соён гэгээрүүлэх чиглэлийн ажлуудыг эрчимжүүлж ажиллах.
- Гэр хорооллын 200 мянган өрхийн нүхэн жорлонг ариутгах, хөрсний бохирдлоос сэргийлэх зорилгоор ашигтай бактери үржүүлэх аргаар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах.
- Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа цэцэрлэгт хүрээлэн болон бичил цэцэрлэгүүдийн өнгө, үзэмжийг сэргээх, засварлах ажлыг зохион байгуулах.
- Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд нийслэлийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн хяналтын систем болон гэмт хэрэг, зам тээврийн зөрчил, гамшиг осол, хяналт шалгалтын нэгдсэн мэдээллийн санг тогтмол цаг хугацаанд шинэчлэн, системийг хөгжүүлж ажиллах
- Нийслэлийн нийтийн тээврийн салбарыг шинэчлэх талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.
Эх сурвалж: НЗДТГ