ДЭЭД ШҮҮХ: Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭЭД ШҮҮХ: Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэв

/2022.04.01/ Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй “Сонгоулд” ХХК, “Өрмөн уул групп” ХХК-д холбогдох иргэний хэргийг өчигдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Сонгоулд” ХХК, “Өрмөн уул групп” ХХК-д холбогдуулан,

  • “Сонгоулд” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг цуцалж,
  • зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 20 тэрбум төгрөг гаргуулах,
  • үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Д.Оюунбилэг, А.Сэлэнгэ, Д.Мөнхбилэгт нар оролцжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд “Сонгоулд” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 17 тэрбум төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, тус компани үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болсон хариуцагч, гуравдагч этгээд нарын өмчлөл, эзэмшлийн зарим үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж төлбөр төлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны зургаадугаар сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж “Сонгоулд” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 18 тэрбум төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Улсын дээд шүүхэд гаргасан гомдлоосоо хариуцагч “Сонгоулд” ХХК нь татгалзсан бөгөөд тус шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хариуцагч “Өрмөн уул групп” ХХК, гуравдагч этгээд А.Сэлэнгэ, Д.Мөнхбилэгт нарын гомдлыг хянан хэлэлцээд хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: МУ-ын дээд шүүх

Зеленьский: ОХУ Донбасст “хүчтэй цохилт“ өгөхөөр бэлтгэж байна
Зеленьский: ОХУ Донбасст “хүчтэй цохилт“ өгөхөөр бэлтгэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.