/2022.03.25/:
“Хот, хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого” хэлэлцүүлэг өрнөв.
Хэлэлцүүлгийн модератороор “Bloomberg” телевизийн дэд захирал Б.Батмагнай ажиллаж, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн, ЖАЙКА-гийн төлөөлөгч Койзүми Тайга, “Шунхлай” группийн зөвлөх Б.Бямбасайхан, архитектор З.Туяа нар санаа бодлоо уралдууллаа.
Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог байнгын хорооны түвшинд ажиллуулна
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:
-Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Газар нутгийнхаа 0.3 хувьд хүн амын тал нь амьдарч байгаагаас асуудлыг ярилцаж эхлэх нь зүйтэй болов уу. Жил тутамд 80 мянган хүн Улаанбаатарт шилжин суурьшиж байгаагаас хүн амын төвлөрөл бий болж байна. Төвлөрлөөс үүдсэн олон арван асуудлын нэг нь боловсролын хүртээмж. Баянзүрх дүүрэгт л гэхэд 100-гаад мянган сургуулийн насны хүүхдүүдэд 35 төрийн өмчит сургууль ногдож байна. Сургууль, цэцэрлэгтэй зэрэгцэн эрүүл мэндийн асуудал тулгамдаж байх жишээтэй. 400 мянган иргэнтэй Баянзүрх дүүрэг төрийн статустай нэг ч эмнэлэггүй байна. Боловсрол, эрүүл мэндийн асуудлын араас үйлдвэрлэл, инновац, ногоон байгууламж гэхчлэн асуудлуудыг шийдэхээс аргагүй билээ.
Нийслэлээс УИХ-д сонгогдсон 24 гишүүн нам, улс төр харгалзахгүйгээр Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог санаачлан байгуулсан. Түр хороог цаашдаа байнгын хороо болгож, байнгын хорооны түвшинд ажиллуулах бодолтой байгаа. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 800 орчим хууль бий. Гадаадын улс орнуудынх мянга, мянгаар хэмжигдэнэ. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх 24 хууль дотор Газрын тухай багц хууль, Татварын нэгдсэн хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Хот, тосгодын эрх зүйн байдлын тухай хууль гэхчлэн хоттой холбоотой хэд хэдэн хууль бий. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг л гэхэд концессоор л төсөөлдөг. Нэг компани барьж өгдөг, төр хүлээж авдаг зарчмаар явж ирснээс авлига, ашиг сонирхол даган гарч ирдэг. Үүнийг халж, барьж, ашиглаж, шилжүүлэх зарчим руу явах ёстой. Японд гэхэд цахилгаан станцыг барьж байгуулаад 22 жилийн хугацаанд ашиглалтыг нь хариуцах байдлаар хэрэгжүүлж байна. Францад хурдны замыг мөн ингэж ашиглалттай нь хариуцуулдаг.
Импортын тээврийн хэрэгсэл бол маш олон жил ужгирсан асуудал
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:
-Түгжрэл олон хүчин зүйлээс шалтгаалдаг учир үйл ажиллагаа, зорилго, зорилтуудын уялдаа холбоог хангах нь маш чухал. Өөрөөр хэлбэл, нийслэлд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээг Засгийн газрын бодлоготой уялдуулах нь чухал гэсэн үг.
Нийтийн тээврийн хүртээмжийг хангахын тулд маршрут зураглалыг давхцалгүй, оновчтой гаргах шаардлагатай. Авто замын асуудлыг хоёр чиглэлээр авч үзэх нь зөв. Ачаалал ихтэй хэсэгт өргөтгөх, хоёрдугаарт авто замыг сунгах, тэлэх ажлыг хийх. Авто замын ачаалал уулзварт үүсэж байдаг. Тиймээс замын уулзварт явган зорчигч, тээврийн хэрэгслийн зорчих шийдлийг нэн тэргүүнд авч үзэх нь зөв юм.
Смарт тээврийн систем нэвтрүүлэх, замын стандартыг шинэчлэх, импортын тээврийн хэрэгслийн асуудал мөн тулгамдаж байна. Импортын тээврийн хэрэгслийн тухайд бол маш олон жил ужгирсан, ярвигтай асуудал. Бусад улс оронд импортыг машины насжилт болоод жолооны хүрдээр нь хориглодог, хязгаарладаг аргыг ч хэрэглэдэг. Хүмүүсийн амьдрал, ажил орлоготой холбоотой тул хүлээцтэй хандаж ирсэн ч цаашид олон улсын туршлагаас хэрэгжүүлэхээс өөр аргагүй.
Түгжрэлгүй болсноор бүтээмж дээшилнэ
Архитектор З.Туяа:
-Түгжрэл бол алдагдлууд юм. Тэгэхээр алдагдлаа тодорхойлж, хэмнэлтээ ярих ёстой. Бид түгжрэхгүй болсноор юу хэмнэх вэ. Юун түрүүнд цаг хэмнэнэ. Хэмнэлтээ дагаад бүтээмж яригдах болно. Хүн амын 50 хувь нь амьдарч байгаа юм бол ажиллах хүчний хэдэн хувь нь энд байна вэ гэдгийг тооцох ёстой юм. Замын түгжрэлээс үүдсэн алдагдлыг эцсийн бүлэгтээ хэрэглэгчид л төлж байдаг. Одоо байгаа бүсүүддээ тулгуурлан нийтийн тээврийн төлөвлөлтөө хийх нь зүйтэй болов уу. Үүн дээр дөрвөн дэд төвийн уялдааг бодох ёстой. Тиймээс салбар хоорондын уялдаа хамгийн чухал. Улаанбаатар хотыг дагуул хот болон хөдөөгийн хотуудтай холбон хөгжүүлэхийн тулд мэдээлэл нэн чухал байдаг.
Авто замын түгжрэл бол салбар дамнасан асуудал учир цогцоор нь шийднэ
Нийслэлийн Засаг даргын авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн:
-Хотын авто замын түгжрэл бол хот байгуулалтын, зам тээврийн, хууль эрх зүйн, боловсролын гэхчлэн салбар дамнасан асуудал учир цогцоор нь төлөвлөгөө боловсруулж шийдэх ёстой юм. Нөхцөл байдлыг товчхон ярихад, 2030 онд хотын хүн ам хоёр сая давна, 2050 онд гурван сая гаруй хүн амтай болно. Тэгэхээр цаг алдалгүйгээр оновчтой төлөвлөлт гаргаж, ажилдаа орох хэрэгтэй байна. Манай хотын хүн ам гурав дахин өсчихсөн байхад гол гудамж зам огт нэмэгдээгүй, баруунаас зүүн тийш чиглэсэн ганцхан гол замтай. Өдөрт 700 мянган машин тэр замаар зорчиж байна. Тиймээс нийтийн тээврийн сүлжээг нэмэгдүүлэх нь эхний зорилт. Мөн хотыг голоор нь хувааж байгаа Туул, Сэлбэ гол, төмөр зам дээр яг стандартын дагуу 1-2 км-ийн зайтай нүхэн болон гүүрэн гарцтай болгож, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа.
Түүнчлэн боловсролын чанар, хүртээмжтэй холбоотойгоор замын түгжрэл 23 хувиар нэмэгдэж байдаг. Хамран сургах тойрогтоо хүүхдээ сургадаг болох асуудал эндээс үүсэж байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэл 2009 оноос хойш хийгдээгүй. Автобус байлаа ч хотын гол төв замууд автобусаар хүнээ тээвэрлэх боломжгүй болтлоо ачаалалтай болсон. Тийм учраас хотын дөрвөн захаас цагийн хуваарийн дагуу хотын төв рүүгээ орж ирдэг хөнгөн галт тэрэгний төслийг нэвтрүүлж байна. Мөн хөдөө, орон нутгаас орж ирж буй цэгүүдэд багтаамж ихтэй 30 мянган тээврийн хэрэгслийн зогсоол бүхий терминал байгуулна. Тэнд задгай зах, худалдааг байршуулахаар ажиллаж эхэлсэн. Зогсоол, замын хөдөлгөөний дүрэм, жолооч нарын соёлтой холбоотой зөөлөн бодлогыг ч боловсруулж буй юм.
Нэмж хэлэхэд Улаанбаатар хотод энэ жил 22 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Гуравдугаар хорооллын замыг Толгойтын замтай холбоно, ингэснээр хот хойд хэсэгтээ гол замтай болно. Зайсангийн гүүрний өргөтгөл хийнэ, Улиастайн голд гүүр тавина. Төмөр зам дээр дөрвөн нүхэн гарц гаргана. Гермесээс урагш давсан гүүр тавьж, ТЭЦ-4-ийн замтай холбон уг замыг өргөтгөж, босоо чиглэлд холбосноор Улаанбаатар хотын авто замын сүлжээ хоёр дахин нэмэгдэнэ. Эдгээр ажлуудыг 3-5 жилийн хугацаанд хийж дуусгана.
ЖАЙКА-гаас бүтэн жилийн турш судалгаа, шинжилгээ хийсэн
ЖАЙКА-гийн төлөөлөгч Койзүми Тайга:
-Манай байгууллагын зүгээс Улаанбаатар хотын төвлөрлийг багасгаж, түгжрэлийг бууруулах чиглэлд бүтэн жилийн турш судалгаа хийж, дүн шинжилгээ гаргаад таван гол төслийг санал болгож байна. Судалгаандаа үндэслэн ирээдүйд, урт хугацаанд хэрэгжүүлэх гурван төслийг сонгон авсан. Эхнийх нь агаарын өндөр түвшний хурдны замын галт тэрэгтэй болох. Энэхүү хурдан галт тэрэг ашиглалтад орчихвол Яармагаас хотын төв хүртэл зорчих хөдөлгөөний хурд бүтэн цагаар богино болно гэж тооцож байгаа. Саппоро, Баянбүрдийн тойргийн ачааллыг буруулах төсөл хэрэгжүүлнэ.
10 жилийн өмнө барьсан Нарны гүүр, Нарны замын талаар Улаанбаатар хотын иргэд талархалтай хандаж байдаг. Зөвхөн зам бариад орхих бус, ашиглалтад онцгой анхаарах хэрэгтэй.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд санхүүжилтийн асуудал тулгамддаг байсан
“Шунхлай” группийн “Цахим хот” төслийн зөвлөх Б.Бямбасайхан:
-Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн ухаалаг систем нэн чухал. Хүн амын хувьд Улаанбаатар хоттой ойролцоо 110 хот байна. Эдгээр хот бүгд түгжрэлийн асуудалтай. Олон хот түгжрэл бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн дотор их өгөгдөлд суурилсан цахим системийг нэвтрүүлж буй юм. Ухаалаг удирдлагын систем байхгүй бол замаа өргөтгөөд, шинэ зам бариад ч үр дүн санаснаар гарахгүй. Дижитал шилжилт хийж байж төслүүд үр дүнтэй болох юм. Түүнчлэн судалгаа, төлөвлөгөө маш их бий. Үүнийг түргэтгэхийн тулд хувийн хэвшлийн салбарын дэмжлэгийг авах хэрэгтэй. Хотын хөгжил, түгжрэлийг бууруулах тал дээр хувийн хэвшлийнхэн оролцох эрх нь нээгдсэн гэдгийг Хотын дарга түрүүн хэлсэн. Энэ бол дэвшил.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд санхүүжилтийн асуудал тулгамддаг байсан. Харин хот хөрөнгө босгох болсноор тэрхүү хүндрэлийг хамтдаа давах боломжтой болж байна. “Цахим хот” төслийн тухайд их өгөгдөлд суурилсан бодлогын шийдвэрийг гаргахад туслах зорилго бүхий төсөл юм. Жишээ нь, хотын төв рүү ороход татвар нэмэх нь зөв үү, буруу юу гэдгийг ухаалаг удирдлагын системээр шийддэг байх учиртай юм.
Эх сурвалж: НЗДТГ